Б.ЖАВХЛАН

Нэгэн иргэн цахим орчинд хүүхдүүдээ харааж, загнаж, түлчихнэ шүү хэмээн айлгаж буй бичлэгээ нийтэлжээ. Бичлэгт бага насны гурван хүү, нэг охин байгаа бөгөөд аав нь тэднийг "Гарч сүү өргөөд ороод ир. Миний аавыг эрүүл болгож өгөөч гэж гэж хэлээд сүүгээ өргөөд орж ир. Бүгдийг чинь алчихна шүү" гэх бөгөөд мөн галд төмөр улайсгаад "Түлчихнэ шүү" хэмээн хүүхдүүдээ айлгаж буйгаа бичиж, Увс аймгийн нэгэн группт нийтэлсэн байдаг.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Олон нийтийн цахим сүлжээнд “Бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ сарын 29-ний өдөр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдэлийн зэргийн үнэлгээг хийж байна. Одоогоор шалгалтын ажиллагааг шуурхай явуулж байна" гэлээ.