Х.ХАТАНЗОРИГ

Анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 390 жилийн ойн даншиг наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөлөө. Уг наадамд газар газраас чуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан болж, түрүү бөхийн бай шагналд “Ланд 300” маркийн автомашин амласан билээ.  Уг барилдаанд өнөө жилийн улсын их баяр наадамд түрүүлээд байсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, шинэхэн Арслан Э.Батмагнай түрүүлж, түүхэн амжилтаа бататган, бөхийн ертөнцөд нэгэн өвөрмөц амжилтыг толилууллаа. Үзүүр бөхөөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын Арслан Б.Орхонбаяр шалгарлаа.

Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг анх  1995 онд Засгийн газраас гаргаж байжээ. Тэр цагаас хойш 10 жил тутамд тэмдэглэсээр эдүгээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаад байгаа билээ. Тэгвэл уг даншиг наадмуудад өмнө нь хэн, хэн түрүүлж, түмэн олныг баясгаж байсныг та бүхэн хүлээн авна уу.

360 жил: 1995 онд анхлан зохион байгуулагдаж байсан Өндөр Гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадам Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд зохиогдсон бөгөөд хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Улсын Гарди И.Доржсамбуу үзүүрлэж байжээ. Уг барилдаанд цол, чимэг олгосон боловч хожим нь улсын баяр наадмаас өөр барилдаанд цол өгөхгүй хэмээн хурааж байсан гэдэг.

370 жил: Удаах даншиг наадам тогтсон ёсоор арван жилийн дараа буюу 2005 онд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадам Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд зохион байгуулагдаж байв. Уг барилдаанд  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын Арслан Д.Ганхуяг түрүүлж байжээ.

380 жил:  Анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой 2015 онд “Даншиг наадам-Хүрээ цам” нэртэйгээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд зохион байгуулагдсан байна. Уг наадмын зүлэг ногоон дэвжээнээ улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж “Даншгийн арслан” цол, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарди Б.Гончигдамба үзүүрлэн “даншгийн заан” цол тус тус хүртэж байжээ. Энэ даншиг наадмын нэгэн онцлог нь бөхчүүд цол, эрэмбэ харгалзахгүй сугалаагаар учраа бөхтэйгөө оноолт таарч байсан билээ.

390 жил: Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, шинэхэн Арслан Э.Батмагнай түрүүлж, түүхэн амжилтаа бататган, бөхийн ертөнцөд нэгэн өвөрмөц амжилтыг толилууллаа. Үзүүр бөхөөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын Арслан Б.Орхонбаяр шалгарлаа.

Эх сурвалж:www.zms.mn