А.МЕДИНЕ

Понё хойд хоёр хөл нь / hip dysplasia/ буюу түнхний дутуу хөгжилтэй гэж оношлуулж байжээ. Энэ төрлийн өвчин нь монголд эмчлэгдэх бараг л боломжгүй. Гэсэн ч  эр зориг тэсвэр тэвчээрээр өвдөлтөө давж өвчнөө ялан дийлсэн нохой бол Понё. Тэрээр дэлхийн хамгийн ухаантай гэгддэг бордер колли /border collie/ үүлдрийн нохой. Бордер ухаан нь хурдтайгаа уралддаг гайхалтай хоньч нохой. Түүний  эзнийг Санаа гэдэг. Үсэрч харайн тоглох нь бүү хэл алхахад ч хүндрэлтэй байсан Понё хэрхэн эдгэрч эзэнтэйгээ хамт жаргалтайгаар аялдаг болсон түүхийг “Зууны мэдээ” сонины” “Дөрвөн хөлтэй анд” буландаа онцоллоо.

-Яагаад нохой тэжээхээр шийдэж байсан бэ?

-Би чөлөөт цагаа ихэвчлэн ууланд алхаж дугуй унангаа байгальд ойр өнгөрөөдөг. Хамтдаа цагийг  хөгжилтэй өнгөрөөх нохойтой болчихвол ханьтай  санагдсан. Өмнө нь загас л тэжээж байсан туршлагатай. Тэгээд амьтны дэлгүүрт гурван өдөр очсон. Яг л өөртөө тохирсон адал явдал эрэлхийлэх нэгнийг олох гэсэн маань тэр. Харин дэлгүүрийн эзэн ямар ч нохой хөдөлгөөнийг нь гүйцдэггүй, ухаалаг бордер колли нохойг санал болгож байсан нь Понё. Одоо бодоход тэр үед би биш тэр л намайг сонгож эзнээ болгосон санагддаг.

-Понёог үрчлэхдээ түнхний дутуу хөгжилтэй байсныг мэдэж байсан уу?

-Мэдээгүй ээ. Үрчилж авсан өдрөө хамт Сэлэнгэ аймаг руу явсан юм. Хөдөө очоод гадаа тоглохдоо нэг л эвгүй хэвтэж босоод байсан. Тухайн үедээ нохой тэжээж үзээгүй туршлагагүй болохоор гайхаад л. Тэгээд хотод ирээд амьтны эмнэлгүүдэд үзүүлж оношлуулаад түнхний дутуу хөгжилтэй гэж мэдсэн.

-Түнхний дутуу хөгжилтэйг нь мэдэх үед ямар байсан бэ?

-Үнэхээр аймар. Оношийг нь сонсчхоод уйлаад л харьж байсан. Понёг хараад уйлаад байдаг хэцүү байсан даа.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав ээж маань эхэндээ санаа зовж байсан.  Гэхдээ хамт хичээж Понёд том том булууны яс авчирч өгдөг байсан. Цайр эрдсийн нөхөхөд хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Тэд маань ч бас амьтанд хайртай хүмүүс байдаг юм. Эсэргүүцэж дургүйцэж байсан удаагүй ээ.

-Эмчлэх боломжгүй гэсэн ч бууж өгөөгүй шалтгаан нь юу байв?

-Үрчилж аваад удаагүй ч хэдийн дасчихсан байсан . Тэр бяцхан амьтанд унтуулах тариа хийнэ гэдэг аймаар.Чадах бүхнээ хийж өгөхийг хүссэн. Тэгээд л юу ч болсон эцсийг нь үзэхээр шийдэн судалж эхэлсэн. Гэтэл энэ өвчний талаар баримт , ном монгол хэл дээр маш ховор юм байна лээ. Тэгээд гадаад хэл дээр баримт уншиж судалж яваад шаардлагатай хэдэн зөвлөмж олж байсан юм.

-Эдгэрэх үйл явцаас нь хуваалцвал ?

-Бараг таньдаг болгондоо ажилгүй юм уу гэж хэлүүлтлээ Понётойгоо хамт уул руу алхсан. Өвөл, намар, хавар,зун өдөр алгасалгүй алхдаг байсан. Эмнэлэгт үзүүлэхээр өөрчлөлт алга, гурван сарын дараа дахин ирээрэй л гэдэг. Гэсэн ч өдөр бүр эм витаминаа ууж хамтдаа алхсаар л  байсан. Нэлээд хугацаа өнгөрсний дараа дахин эмнэлэгт үзүүлтэл ер санаанд оромгүй зүйл болсон. Поньёо маань анх удаа эрүүл нохой гэж дуудуулсан. Би ч, эмч маань ч итгэхгүй гайхаж орхисон. Итгэмээргүй үр дүн гарж, нөгөө дутуу хөгжсөн түнхий яс нь бүтэн болоод сүүжний ясаа атгасан гар шиг битүү тойрчихсон байсан. Ингээд л бид хоёр айх зүйлгүй бүхнийг ардаа орхиод хамтдаа Монгол улсынхаа аймгуудаар тойрон аялж эхэлсэн дээ.

-Понётой учирснаас хойш амьдрал нь яаж өөрчлөгдсөн бэ?

-Илүү жаргалтай болсон. Бас амьдралын хэмнэл маань арай өөр болсон. Өглөө  эрт сэрдэг, Понё болон өөрийнхөө зүйлсийг эмх цэгцтэй байлгадаг гэх мэт. Нохойтойгоо илүү их цагийг өнгөрөөхийн тулд хүмүүстэй уулзах, гарах маань ч бүүр багассан . Мэдээж заримдаа ажлын шаардлагаар гадуур явах хэрэг гарна тэр үед Понёгоо гэрт  үлдээсэндээ гэмшээд санаад байдаг. Ингээд харахаар Понё миний амьдралд маш чухал эрхэм нандин зүйл. Би түүнд хэрэгтэй гэхээс илүү тэр л надад хэрэгтэй байсан юм шиг.

-Понётой адил төрлийн өвчтэй нохойтой хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Ийм нохойнд кальци, хондроитин үений шингэн зэрэг нэмэлт бэлдмэл зайлшгүй хэрэгтэй. Жин хэт нэмэгдэхээс үүсэхээс сэргийлж, мөн тохирох тэжээл өгч, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийлгээрэй.  

 

“Зууны мэдээ” сонины “Дөрвөн хөлтэй анд” буланд өөрсдийн дөрвөн хөлтэй найзуудынхаа тухай зураг, мэдээлэл түүхээ хуваалцахыг хүсвэл info@zuuniimedee.mn /Facebook: zuunii medee, Instagram: zuunii_medee/ хаягаар ирүүлээрэй.

 

ДЭМЖИГЧ БАЙГУУЛГА:
Муур, нохойн хоол болон амттан, хэрэгслийн дэлгүүр “Royal canin”
Хаяг: Баянзүрх дүүрэг 36-р хороо “Саруул” хороолол 120-р байр
Утас: 86821020

 

Эх сурвалж: zms.mn