Э.СОЛОНГО

 

Орос, Канад, Турк, Чех, АНУ, Франц, Германы төлөөл­лүүд нийслэлийн нэгдүгээр сургуулийн багш нартай Монголын болон олон улсын ерөнхий боловс­ролын хөгжлийн талаар санал солилцлоо. Өнгөр­сөн даваа гаригт тус сургуульд “Дэлхийн ба Мон­голын ерөнхий боловсролын чиг ханд­лага” олон улсын бага хурал болсон юм. Уг хуралд гадны төлөөл­лүүдээс гадна Боловс­ролын үнэл­гээний төв, манай улс дахь олон улсын ерөнхий боловс­ролын сургуулийн удирд­лагууд оролцлоо.

Тэд ерөнхий боловс­ролын хөгжлийн хүрээн дор сурагч багшийн ха­рилцаа, үнэлгээний стандарт, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийсэн юм. Энэ үеэр гадны орны зарим төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.

Ц.Гүррагчаа:

ОЙГОО УГТАЖ 640 ХҮҮХЭДТЭЙ БАГА СУРГУУЛИЙНХАА НЭЭЛТИЙГ ХИЙНЭ

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн захирал Ц.Гүррагчаатай уулзаж, дараах асуултад хариулт авлаа.

-Танай сургууль энэ жил  90 жилийнхээ ойтой золгож байна. Ойгоо уг­таад ямар арга хэмжээ зохион байгуулж  байна вэ. Мөн энэ удаагийн хурлыг яагаад заавал сургууль дээрээ зохион байгуулах болсон юм бэ?

- Шинэ Монгол Улсын ууган дунд сургууль болох  нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн түүхт 90 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Энэ сургуулийг анх 1923 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр буюу тэр үеийн бил­гийн тооллын шинийн нэгний өдөр нээсэн байдаг юм. Тэгэхээр манай сур­гуулийн ой Монголын цагаан сарын баяртай давхацдаг юм. Энэ жил ойн өдөр шинийн 4-5-нд таарч байгаа. Ой угтсан ажил маань ерөнхийдөө хоёр жилийн төлөв­лөгөөний дагуу явагдаж байна. Энэ хугацаанд  сур­галтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, арга зүй, сур­галтын  орчинг шинэчилж, өөрчилөх гээд олон ажил хийгдсэн. Түүнчлэн сургуулийн орчин, мате­риаллаг нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар нэлээд ажил хийлээ. Хоёр жилийн хугацаанд нэлээд их хөрөнгө оруулалтаар хоёр том засварын ажил хийлээ. Энэ жил бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай бага сур­гуу­лийн барилгыг  дуусгаж,  ашиглалтад хүлээж авахад бэлэн болоод байна. 90 жилийнхээ ойн  өмнө хи­чээлдээ орно. Энэ мэтчилэн бид маш олон ажил хийгээд байна. Эд­гээр ажлуудаас хамгийн чухал нь  “Дэлхийн ба Монгол Улсын Ерөнхий боловсролын хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдэвтэй олон улсын онол, практикийн бага хурлыг зохион байгуулж байгаа явдал юм.  Уг хурлын зорилго нь, Монгол Улсын Засгийн газраас, БШУЯ-наас Боловсролын тог­толцоо, түүний дотроос Ерөнхий боловсролын сургуулийг дэлхийн жишигт хүргэнэ” гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэ­рэг­жүүлэхэд Монгол Улсын ууган дунд сур­гуулийн хувьд өөрийн гэ­сэн тодорхой хувь нэмрийг оруулах зорилготой  хийж байгаа юм.

-Энэ удаагийн хуралд чинь Элчин сайдын яамдууд идэвхтэй оролцжээ. Франц, Герман, Туркийн төлөөлөгчид тун сонирхолтой илтгэл тавьж байна. Ер нь хаанахын ямар улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн  юм бэ?. 

-Олон улсын гэж нэрлэсний учир нь бид  хил залгаа оршдог  хоёр улсад  болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдад урилга  хүргүүлсэн. Бидний урилгыг хүлээн авч, талархал ирүүлсэн олон газар бий.  Энэ өдрийн хуралд  нийт 8-10 улсын элчин сайдын яамд  албан ёсоор оролцож байна. Зарим улсын элчин сайд өөрөө оролцож байна. Зарим нь Боловсрлын асуу­дал хариуцсан төлөө­лөгчөө явуулсан байна.  Ирсэн хүмүүс бүгд өөрийн орны ерөнхий болон дунд боловсролын  сургалтын талаар илтгэл тавьж байна.  ОХУ, АНУ, Канад, Франц, Герман,  Чех, Турк, Их Британи зэрэг улс хуралд  идэвхтэй оролцож байна.

-Монгол Улсын бо­ловсролын салбарыг тө­лөөлж, ямар хүмүүс ирэв?

-Монгол Улсын бо­ловсролын хөгжлийг төлөөлж,  Боловсролын хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор Н.Бэгз, Монгол Улсын Боловс­ролын шинжлэх ухааны  академич, МУБИС-ийн захирал Б.Жа­дамбаа, Бо­ловс­ро­лын хүрээлэнгийн эрдэм­тэн, доктор Сан­жаа­бадам, Эрдэм шин­жил­гээний ажил­тан, шинж­лэх ухааны доктор О.Пүрэв зэрэг эрдэмтэн мэргэд илтгэл тавьж байна. Манай сургуулиас ч гэсэн хичээлийн эрхлэгч Ц.Цэрэнхүү, Б.Хишиг­баяр нар нэгдүгээр сур­гуулийнхаа сургалтын онцлог, арга барил дээр тулгуурлаж  илтгэл тавьж байна.  Урилгаар нэлээд олон хүн оролцож байгаа. ШУ-ны доктор Х.Мөнх­баяр, Багшийн хөгж­лийн институтын захирал, сур­ган хүмүүжүүлэх ухааны доктор  Сумъяа,  Сур­галтын арга барил, шинэч­лэлийн бодлого боловс­руулах багийн ахлагч, МУИС-ийн багш Ганбат гээд олон хүн оролцож байна.

 

Тунжээр Кыяк:

МОНГОЛД ДУНД СУРГУУЛИЙН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГА БАЙНА

 

Туркын Элчин сайдын яамны Хэргийг түр хариуцагч Тунжээр Кыяк манай улсын боловсролын салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг онцолсон юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Турк улстай Монгол улс боловсролын салбарт өргөн хүрээнд хамтран ажилладаг. Та энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай улсын Зас­гийн газраас Мон­голын боловсролын салбарт үзүүлж байгаа дэмж­лэ­гүү­дээс оюут­нуудын тэтгэлэгт сургал­тыг онцолмоор байна. Жилд Монголын 50-100 оюутанг манай улсад их сургуулийн ма­гис­тр, доктрантын тэтгэ­лэгтэй сургалтад хам­руулж байна. Мөн манай улсын хөрөнгө оруу­лалттай таван сургууль Монгол Улсын нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Эдгээр сургууль Монголын хүүхэд, сурагч­дын онцлогт тохируулан үйл ажил­ла­гаагаа явуул­даг. Мөн бидний санал, байр суу­рийг сонсохоор урьсан энэ сургууль олон улстай хамтран ажиллахад арвин туршлагатай. Цаашид манай улс тус сургуультай хамтран ажил­лах эхний алхам тавигдлаа гэж ойлгож байна.

-Монголын боловс­ролын салбарын хөгжлийг та хэрхэн харж байна вэ. Илүү хөгжихийн тулд ямар ажлуудыг хийх ёстой вэ?

-Миний харж байгаа­гаар Монголын боловс­ролын салбар хөгжлийн шатандаа явж байгаа. Бо­ловсролын хөгжил нь доогуур үзүүлэлттэй орнуудын тоонд орохгүй. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг хурдтай хөгжиж байгаа. Үүнийхээ хэрээр боловсролын салбартаа илүү хөрөнгө оруулах ёстой гэж боддог. Мөн ерөнхий боловс­ролын сургуулиудын тоог нэмэх шаард­ла­гатай байна. Манай улсад дунд сургуулиа төгссөн сурагчид лицей сургууль руу элсдэг. Энд сурснаар их, дээд сургуульд сурах бэлтгэлийг нь хангаж өгдөг. Манай ерөнхий боловсролын системд бага сургууль дөрөв, дунд нь дөрвөн жилээр үргэл­жил­дэг. Энэ жишээ хүүхдийн сонирхол, авъяасыг нээж, хүүхэд сонирхсон сал­бартаа амжилт гаргахад дөхөм болдог . Монгол Улсын боловсролын сис­тем удахгүй дөрөв, дөрвөн жилд шилжих гэж байгаа гэж дуулсан. Ингэхдээ манай улсын жишээг хараасай гэж хүсч байна.

 

Томаш Вацек:

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗААВАЛ ТУСГАЙ СУРГУУЛЬД СУРДАГ

Чех улсын Элчин сайдын зөвлөл Томаш Вацек өөрийн орны боловсролын системд баримталж буй зарчмаасаа сонирхууллаа.

-Та өөрийн орны боловсролын системийн онцлогоос сонирхуулахгүй юу?

Манай улсын боловс­ролын системд 6-9 дүгээр анги бие дааж боловсрол эзэмшдэг. Бага ангийн бүх сурагчдын номыг төр хариуцаж хангадаг. Харин ахлах анги сурах бичгээ өөрсдөө авдаг юм. Хүүхдийн сонирхол, аль салбарт илүү авъяастай гэдгийг нь мэдэхийн тулд чиглэл чиглэлд гүнзгий­рүүлсэн лицей сургуульд элсүүлдэг.

-Танайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролоор хангахад хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Боловсролын салбарт чанга барьж буй бод­логуудын нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг заавал тусгай сургуульд суралцуулах явдал. Үүний хүрээнд тэднийг сургууль, сурах орчноор нь хангах ажлуудыг шат да­раалалтай хийж байгаа.