Х.Хатанзориг

“Далай, далай нуураар баян нутаг

Дагшин ариун уулсаар баян нутаг” хэмээх Увс нутгийнхны дуу ойрын өдрүүдэд сэтгэлд хоногштол аялагдаж байна.  Арга ч үгүй юм, буурал даргын нутаг өнгөт орчлонгийн дэнж дээр үүсгэн байгуулагдаад нэгэн зууныг элээж, тэд баяраа тэмдэглэж байна.  Тэгвэл энэ түүхэн тэгш ойг  угтаж, Завхан нутгийн эгэл жирийн эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхөд даалин урлаж бэлэглэжээ. Түүнийг Ж.Гэрэлмаа гэдэг.  Тэрээр  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багшаар ажилладаг.  Улаанбаатарт ирж, аваргатай уулзан, өөрийн сэтгэл шингэсэн даалингаа бэлэглээд буцах гэж байхад нь түүнтэй уулзаж, ярилцлаа.   Тэрээр “Би амьдралыг таньж мэдэх болсон цагаасаа аавтайгаа хамт Монголын радиогоор үндэсний бөхийн барилдааныг шимтэн сонсдог байлаа. Тэгээд барилдааны тайлбарыг сонсоод дэвтэртээ бичдэг байсан. Хөдөөгийн малчин айлд, бөхөд хайртай гэр бүлийн охин болон төрсөндөө баярладаг.  Энэ нь монгол бөхөө хүндэлдэг, дээдэлдэг болоход нөлөөлсөн болов уу. Энэ жил  Увс аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Домогт арван Баядын Их аварга Х.Баянмөнх улсын баяр наадамд арван удаа түрүүлсэн байдаг. Зөвхөн үндэсний бөхөөр биш, бусад олон төрлөөр тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан хүчтэн шүү дээ” гэлээ.   Тэрээр даалингаа зүү ороон урлаж, аваргын бүх л амжилтыг багтаахыг хичээжээ.  Ёстой л нэг аугаа хүний алдар сууг алгын чинээ даалинд  багтаана гэдэгтэй адил бүтээл болсон байлаа. Гэхдээ мэдээж Х.Баянмөнх аваргын амжилт бүрийг даалиндаа багтаах боломжгүй байсан гэнэ лээ.

Даалингийн голын дугуй хэсэгт Х.Баянмөнх аваргын нэрийг угалзан эвхмэлээр бичин, гурван давхар зүү ороожээ.  Нэрийнх нь дотор талд “Хорлоо” хэмээх овгийг нь оёж өгсөн байна.  Харин дөрвөн өнцөгт нь  “Даяар дуурсагдах, далай, даян, дархан” гэх түүний цол чимгийг хатгаж, голд нь улсын баяр наадамд түрүүлсэн онууд,  нэг буланд нь “Чөлөөт бөхийн дэлхийн аварга”, ”Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор”, харин нөгөө буланд нь “Хагас зуун жилийн ганцаардал... Миний ялалт”, “Монгол бөхийн 725 мэх” зэрэг аваргын бичсэн номынх нь нэрийг хүртэл бүтээлдээ багтаажээ.   Мөн хоёр талын эмжээр дээр нь “ХХ зууны манлай бөх”, “АИХ-ын депутат”, “ОХУ-ын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт” зэргийг оёж,  даалингийн амсар дээр нь “Хөдөлмөрийн баатар” цолыг нь урлажээ.

Ж.Гэрэлмаа монгол хэл, бичгийн багш учраас бүгдийг нь  монгол бичгээр зүү ороож оёсон нь маш содон байлаа.  Тэрээр “Ямар ч гэсэн аваргадаа бүтээлээ сая гардууллаа. Аварга даалингаа аваад хөөргөө шууд хийчихлээ. Ийм даалин оёод өгнө гэдэг ямар их сэтгэл вэ хэмээн баярлаж байсан. Миний зорилго нэг зорилго биеллээ олсонд үнэхээр их баяртай байна.  Дээшээ харсан сав хоосон өгдөггүй учир дотор нь өмнө үеийн тавтын дэвсгэрт хийж өгсөн. Мөнгөн дэвсгэрт дээр жанжин Д.Сүхбаатарын хөрөг байдаг. Х.Баянмөнх аварга нэрт жанжинтай нэг өдөр төрсөн шүү дээ.  Бүх зүйл бэлгэдлээрээ бүтээгддэг. Хүнд зүгээр нэг даалин оёж өгөхгүй шүү дээ. Бүх юм судалгаа, шинжилгээтэй. Би Завхан аймгийн Тэлмэн сумын унаган хүн.  Нөхөр маань ч бас Завхан аймгийн хүн. Дээр үед манай нутагт Шагж аварга, урт гарт М.Лхагва гэх сайхан бөхчүүд байсан. Гэвч тухайн цаг үеийн байдлаас шалтгаалж ид мандан бадарч байх үедээ хэлмэгдэж байсан гэлцдэг. Харин одоо яагаад манай аймгаас аварга, арслан төрөхгүй байгаа юм бол гэж бодож ийм сайхан авшигтай аваргыг баярлуулбал төрсөн нутгаас  минь том цолтон төрөх байх гэж итгэсэн” гэлээ.

Аваргад даалингаа гардуулчхаад “хөл нь газар хүрэхгүй” баярлаж яваа энэ бүсгүйн хийсэн, бүтээсэн нь үүгээр хэмжигдэхгүй.  Монгол хэл, бичиг, сайхан бичгийн улсын уралдаануудад өөрөө болон шавь нараа бэлтгэн оролцож тогтмол амжилт гаргадаг байна.

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 136 (7633)