А.МЕДИНЕ
Барсаа бол Сибирийн Хаски үүлдрийн нохой . Хойд туйлын цасан манан дундаас төрсөн мэт, хөх цэнхэр нүдэнд нь тэнгэрийн оршихуй гэрэлтдэг, цас шиг сэвсгэр үслэг хэгжүүн тэрээр таван сартайдаа “Асралт” хайрхнаас эхлээд Алтан Өлгий, Их Богд, Сутай хайрхан, Хархираа, Цамбагарав хайрхан гэх мэтчилэн монгол орныхоо бүхий л өндөр оргилуудад оргилдоод амжсан адтай нохой. Түүний эзнийг Энхжаргал гэдэг тэрээр үлгэр жишээ уулчин, алхагч гүйгч эмэгтэй. Нохой хүний сэтгэлийг үгээр бус зүрхээр мэдэрдэг гэдэг Барсаа эзэндээ дотнын найз, баатарлаг хамгаалагч, дэггүй хүүхэд, үнэнч хамтрагч нь байдаг. Нэг сартайдаа “Сонгино хайрхан” ууланд эзэндээ үүрүүлээд гарч байсан түүнийг одоо уулын спорт, идэвхтэй алхагчид дунд таньдаггүй, мэддэггүй хүн гэж байдаггүй гэнэ дээ.
-Хамт хийж байсан авиралтын түүхээсээ хуваалцвал?
-Сутай хайрханд хийсэн авиралтын үеэр оргилд хүрэхэд 200 метр гаруй зай үлдчихээд байх үед бид багаараа доошоо гулссанаас болж оргилд нь хүрэлгүй буцахаар болсон юм. Гэтэл Барсаа жигтэйхэн жаргалтай цасан дээр өнхөрч гүйгээд л баясаж билээ. Уулын өндөрлөгт мөсөн дээр гулгамтгай нэлээд айгаад зовж байтал буцахаар болсонд “ашгүй дээ” гэж бодоо биз. Барсаа авиралтын үеэр цуйван идэх дуртай. Хүмүүс бороо орохоор банштай цай уудаг шүү дээ харин манай нохой аяллын замдаа цуйван иддэг.
-Нохой хүнтэй эрт үеэс л нөхөрлөсөөр ирсэн амьтан, та нохойгоо юу гэж тодорхойлох вэ?
-Нисэхээс бусдыг хийсэн нөхөр дөө. Хэрвээ Барсаа хүн байсан бол өөртөө итгэлтэй, ихэмсэг, бусдад тусалдаг, шог ч марзан хүн байх байсан биз ээ. Тэжээвэр амьтан, эзэн гэхээс илүү найзууд гэж хэлбэл илүү оновчтой байх. Хэдхэн минут гараад ороод ирэхэд өөрийг чинь хараад тэгж их баярлаж хөөрөх хүн хэр барагтай байхгүй л байх. Барсаа бол миний насны минь анд.
-Энэ төрлийн нохойнууд том үслэг сүрдмээр төрхтэй шүү дээ, гадуур явахад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Барсаа аль болох дэгжин чамин байхыг хичээдэг гадуур явахдаа шил, тод хээнцэр алчуур зүүж гангардаг. Энэ нь ч хүмүүст илүү зөөлөн төрхтэй харагддаг санагдсан. Хүүхдүүд ирж илээд л байдаг. Гэсэн ч сөрөг хандлага мэдээж байдаг. Жишээ нь хамт гүйхдээ хошуувч зүүлгэдэггүй юм. Нохой хэлээ гаргаж амьсгалах хэрэгтэй шүү дээ. Хариг үүнийг нь хүмүүс шүүмжилдэг. Тухайн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй гэж боддог.
-Танай нохой бусад үүлдрийн нохойноос юугаараа илүү онцгой вэ?
-Хаски бол үнэнч байдал, эрч хүчний бэлгэдэл. Тиймээс ч үнэхээр эрч хүчтэй барагтаа л ядардаггүй, нэмээд үнэхээр ухаантай, хүчтэй. Хэд хэдэн авиралтын үеэр бэртсэн гэмтсэн хүмүүсийг зөөж тусалж байсан удаатай. Ер нь ууланд алхаж байхдаа төөрнө гэж айлтгүй замаасаа жаахан хазайчихсан байвал нөхөр аль хэдийнээ жимээ олчихсон додигор явж байдаг.
-Нохой тэжээхээр төлөвлөж байгаа тэр дундаа Хаски тэжээдэг, сонирхдог хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нохойн тэр дундаа хаски тэжээнэ гэдэг бол их хайр, тэвчээр шаарддаг аялал. Тэдний эрч хүчийг хязгаарлалгүй хамтдаа хөгжиж цагийг хөгжилтэй өнгөрөөх нь зүйтэй. Хүн өөрийн амьдралын хэв маягт тохирсон амьтан тэжээх хэрэгтэй. Ингэснээр хоорондоо илүү тохирч ойлголцдог. Барсаа бид хоёр хоёулаа туйлын цоглог байнгын гадуур гүйж, өндөрт авирч хөдөлгөөнтэй байдаг учраас сайн хамтрагчид. Нохой болгон өөрийн гэсэн давуу, сул тал, ааш араншинтай түүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ хаски тэжээхээр төлөвлөж байгаа бол өдөрт ганц салхилуулаад л болчихгүй. Дор хаяж хоёр удаа салхилуулна. Байнгын эрчимтэй хөдөлгөөн хийлгэнэ. Мөн арчилгаа, цэвэрлэгээг сайн хийхгүй бол үс нь их унадаг. Хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөөр хандаж шийдвэр бүү гаргаарай. Нохой бол салхи мэт эрх чөлөөтэй цас шиг цагаан зүрхтэй амьтан. Тэд зөвхөн таныг дагаж гүйхгүй, амьдралын тань нэгээхэн хэсэг болон үлддэг анд найз юм.
Эх сурвалж: zms.mn