Б.ЖАВХЛАН

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулахаар иргэд төрийн бус байгууллагууд АТГ-т гомдол гаргаад байсан. Шалгалтын хуулийн 60 хоногийн хугацаа дуусаж, өчигдөр АТГ-аас мэдээлэл гаргасан. Мэдээлэлд “иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150 сая төгрөг, 2025 оны гуравдугаар сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна” гэжээ.

Харин түүнд энэхүү 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн “Херо энтертайнмент групп” ХХК-ийн тухайд “Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265.8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4.1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна” гэжээ.

Ингээд үргэлжүүлэн АТГ-аас “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээлсэн. Энэ нь “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар, А.Амундра нар юм.