П.Лхагважаргал

Төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмын зурхайнаас уухайн дуутай тодорч, тод магнай торгон жолоо өргүүлсэн хурдан буяны нэг бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Д.Батбаярын Зоос бор морь билээ. Түмэндээ олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, 2009 оны улсын наадамд түрүүлж байсан энэхүү хурдан хүлэг Сүхбаатар аймгийн угшилтай. Тэр ч байтугай даагандаа сумын наадмынхаа “баян ходоод”-оор цоллуулж байсан гэдэг.

Дуунд мөнхөрсөн энэхүү домогт хүлгийн талаарх мэдээллийг todmagnai.mn болон ugshil.mn зэрэг нээлттэй эх сурвалж ашиглан бэлтгэлээ.

Моринд хайртай монгол түмний маань тоосонд нь орж хийморио сэргээнэ гэж бэлгэшээдэг жил жилийн соёолонгийн уралдаан онцгой болдог. Тэр тусмаа 2009 оны үндэсний их баяр наадмаар түмэн олноо “Зоос бор” хэмээн алдаршсан бор үрээ түрүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Өмнө жил нь улсын наадмын хязаалангийн уралдаанд аман хүзүүнд давхиж байжээ. Харин дараа жил нь төрийн наадамдаа өнгөлж, давхар уяагаар “Очирваанийн хурд”-д хол тасархай түрүүлж, энэ цагийн  хурдан буян гэдгээ баталсан юм.

Наран мандах Сүхбаатар нутгийн гаралтай энэ хүлгийн угшлыг хэдэн янзаар ярьдаг гэнэ. Ямартай ч сумандаа баян ходоодны даага болж, шүдлэндээ мөн доогуур давхисан бор үрээг хязааланд нь Д.Батбаярт галынхан нь бэлэглэжээ.

Ийнхүү Д.Батбаяр ах хаврын нэгэн шороон шуургатай өдөр гэрийнхээ үүдэнд авчруулж хадаг уяад “Салхинаас өөрийг толгойдоо битгий хүргээрэй” хэмээн ёсолсон гэдэг. Д.Батбаярын гэж цоллогдох болсон бор үрээ сар гаруйн дараа Төв аймгийн Эрдэнэ суманд болсон уралдаанд түрүүлж “Дахан дор эр, даарин дор хүлэг” гэгчийг баталжээ. Дараагаар нь Амарбаясгалант хийдийн Дархан соовин Даваахүү ламтны 100 насны ойн наадамд түрүүлж, давхар уяагаар улсын наадамд аман хүзүүдсэн байдаг. Уяа нь таарсан уу. Эсвэл сайн хүлэг эзнээ хайж байдаг гэдэг болсон юм болов уу.

Ингэж гэнэт цойлсон бор үрээний уяа сойлгыг олноо Дааган хэмээн алдаршсан Нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш тааруулжээ. Тэрээр “Зоос бор давхар уяанд даацтай адуу. Наадмаас наадмын хооронд ханасан ажил хийнэ” гэж ярьсан байдаг. Тиймдээ ч

“... Давхил дундаа цэгцэрсэн

Даяарын хурдан хүлэг минь

Дээд нанжин шинжээрээ

Дэлгэр наадмын чимэг ээ ...” гэж дуунд мөнхөрсөн болов уу.

"Зоос бор" морины амжилтууд:

2008 Улсын наадам Хязаалан аман хүзүү  
2008 Төвийн бүс Хязаалан түрүү  
2008 Баруун бүс Соёолон түрүү  
2009 Улсын наадам Соёолон түрүү  
2010 Төвийн бүс Их нас түрүү  
2010 Сэлэнгэ аймаг Их нас түрүү