Ч.БЯМБАХАЖИД
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг чиглэл өгчээ.
Ингэхдээ УИХ-ын 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай боловсруулж, ирэх наймдугаар сард Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЗГХЭГ-ын даргад үүрэг болгожээ. Ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ялыг чангаруулах боломж бүрдэнэ гэжээ. Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх асуудлыг таслан зогсоох зорилгоор Турк, Солонгос, АНУ, ОХУ, Тайланд болон олон улсын бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллахыг сайд нарт даалгалаа.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад даалгасан байна.
Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүрэгтэй төвийг Эрүүл мэндийн яамны харьяа байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгожээ.
Мөн манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлыг тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах ажлыг шуурхайлахыг ЦЕГ-ын даргад үүрэг болгосон байна.
Эх сурвалж: zms.mn