Ч.БЯМБАХАЖИД
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” (Cante) шөнийн цэнгээний газрын гадаа талбайд залуус хүн бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 18-19-ны 03:30 цагийн үед хохирогч Д.С-ын биед УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл болон “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар бүлэглэн халдсан хэрэг гарч 48 цаг саатуулагдаад байгаа юм.
Эл хэрэг ойрын өдрүүдэд цахим орчинд шуугиан тариад буй. Тэгвэл дээрх хэргийн талаар энэ сарын 21-нд ЦЕГ-аас мэдээлэл хийсэн юм.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Энэ сарын 18-19-ны 03:30 цагийн үед хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Олон нийтийн сүлжээнд нэр бүхий улс төрчийн хүүхдүүд байсан тухай мэдээллүүд явж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээллийг хэлэх боломжгүй. Энэ хэрэгт иргэн Т, С нарыг холбогдуулан шалгаж байна. Хохирогчийн биеийн байдал сайнгүй эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байгаа. Шалгалтын явцад энэхүү хэрэгт холбогдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн сурвалжилж ажиллагаа явагдаж байна. Мөн энэ хэргийн тухайд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх талаар цагдаагийн байгууллагаас журмын дагуу тест авч ажилласан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас эргээд мэдээлнэ” гэв.
Харин Нийслэлийн Прокурорын газраас Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” хэмээн тогтоогдож сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авчээ.
Тэгвэл хохирогчийн биеийн байдал хүнд, нүүрэн тус газар гэмтсэн талаар өчигдөр хохирогчийн аав Д “Зөв.мн” сайтад дараах мэдээллийг өгчээ.
Тэрээр “Хүүгийн минь нүүрэнд гэмтээгүй, хугараагүй яс байхгүй. Нүдний цаад талын аяганы яс нь уначихсан. Энэ хамгийн том асуудал болоод байна. Маш их өвдөлттэй байгаа. Эмч нарын ачаар амь насны аюулаас холдлоо” гэсэн юм.
Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан хохирогчийн эгч өчигдөр өөрийн цахим хуудастаа “Миний дүү 2025 оны долоодугаар сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд “Cante club”-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохиж унагаасан байна. Араас нь “Эрэл” группийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуулийн
3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”. 6.4 дүгээр зүйлд “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүн рүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огт үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана. Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсныг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно. Жаахан бодитой баймаар байна. Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ. Энэ өөрөө зөв үү.
Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажиллаад эхэлжээ. Хүний биед түрүүлж гар хүрчихээд дээрээс нь дөрвүүлээ тал талаас нь нийлж хүний нүүр, нүд рүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочхоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Монгол Улсын хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс хуулийн хариуцлагаа үүр. Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү. Мөн би хохирсон дүүдээ Монгол Улсын төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасны дагуу мөрдөгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд камерын бичлэг байгаа эсэхийг тодруулах, цаашлаад гэрч болон бусад шаардлагатай ажлуудыг хийгээд явна. Хэрвээ камерын бичлэг байгаа бол мөрдөн шардах ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлээд хураах ажил хуулийн дагуу хийгдээд явж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг хэргийн сэжигтнүүдийг саатуулах хугацаа энэ сарын 22-ны өдрийн 22:00 цагт дуусах бөгөөд Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн цагдан хорих арга хэмжээ авах саналаа Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны Анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Дугаар шилжих мөчид улсын яллагчын саналыг хэлэлцэх шүүх хурал болж яллагдагч Э.Т, Ц.С нарыг суллах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарт хилийн хориг тогтоон батлан даалтад гаргав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7630)