Б.ЖАВХЛАН
Монголын үндэсний бөхийн холбооноос 18 аймаг, гурван дүүргийн баяр наадамд шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авснаас дөрвөн бөхийн сорьцоос хориотой бодис илэрсэн талаар мэдээлсэн. Мөн дахин найман бөхийн шинжилгээний хариу Германы лабораториос ирсний дараа Аймаг, дүүргүүдийн баяр наадмын зохион байгуулах хороонд илгээхээр болжээ. Одоогоор дараах дөрвөн бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гарлаа. Үүнд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба болон Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад нарын нэрийг дурджээ.
Б.Базарсад Ховд аймгийн наадамд долоо даван түрүүлсэн бол О.Амгаланбямба Говьсүмбэр аймгийн наадамд шөвгөрөн аймгийн начин цол хүртжээ. Харин Хөвсгөл аймгийн баяр наадамд Э.Мөнхтөр үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн бол Б.Сүх-Эрдэнэ аймгийн начин цолонд хүрчээ. Эдгээр шинэ цолонд хүрсэн бөхчүүдийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн гэх мэдээллийг өглөө.
Харин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шинжилгээний хариу Герман улсаас ирээгүй байгааг албаныхан хэллээ.