С.УРТНАСАН

Үүлэн хөндийн дээгүүр дүүлэн нисэх шувууд бараадаж хангайн өндөр уулсад хүлгийн дөрвөн туурай газар тамгална. Түүнийг унаж яваа хүү эмээлийнхээ дөрөөнд хөл сунгавч үл хүрэх багаасаа түүнтэй нөхөрлөж хурга ишиг хариулсаар өсжээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дөрвөн хөлтэй найз” буландаа унаач байхаасаа уяач болтлоо адуутай нөхөрлөсөн Б.Мөнх-Оргил хүү болон түүний морьдыг онцоллоо.

Хот хөдөө гэх ялгалгүй бүхий л хүүхдийн дотор амьтан тэжээх хайрлах, эрхлүүлэх, хамт тоглож наадах хүсэл сонирхол байдаг. Хотын хүүхдүүдийн хувьд тэжээвэр амьтад хамтрагч, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг эрхэм нөхөр нь байдаг бол хөдөөгийн хүүхдүүдийн хувьд амьтад нь амьдралын нэг хэсэг аж ахуйн сайн түнш нь болдог. Үүний нэг жишээ нь хөлд орсон цагаасаа морины уяан дээр хүн болсон хөдөөгийн нэгэн хүү юм. Өсөж торнисон орчин нь түүнийг байгальд болон өдөр тутамдаа хамтдаа хөдөлмөр буй амьтдаа хайрлаж хамгаалах амьдралын үнэ цэнийг мэдрэх ухаанд сургадаг байна.

Хөдөөгийн хүүхэд морь малтайгаа үй зайгүй нөхөрлөж ижилдэн дасавч олноосоо онцгойлон ганцханыг нь үнэнч нөхрөө гэж хүлээн зөвшөөрч хэлээрээ ойлголцохгүй хэдий ч зөнгөөрөө ойлголцоно. Эд эзнээ өөрөө гэдэг шиг л ижилдэн дассан хоёр бие биедээ л элгэмсэг байдаг нь ойлгомжтой.

-Хөдөө төрж өссөн учраас морь малтай ойр байж тэднийгээ өсгөж үржүүлэв үү эсвэл бусад амьтдаас морь илүү өөр санагдаж хайрлах хамгаалах сэтгэл төрсөн үү?

-Манай аавын талынхан бага насандаа морины унаач хүүхэд байгаад том болоод өөрсдийн сонирхлоор уяачид болдог. Морь, нохой хоёр бусад амьтдыг бодвол хүний сайн нөхөр байж чаддаг юм шиг санагддаг. Эхээсээ төрөөд удаагүй унага их хөөрхөн. Жаахан байсан намайг байтугай моринд дуртай бүх л хүний хайрыг татаж чаддаг. Дөнгөж төрөөд дөрвөн хөл дээрээ тэнцэж ядан зогсох тэр л амьтныг харсан хэний ч хийморь сэргэнэ. Багад нь өхөөрдөж тоглосоор байгаад хүүхдүүд бид өөрсдөө дасчихдаг. Морь ч түүнийг мэдэрч ноолоход номхон, эрх болчихдог. Том болохоор нь унана, уяна. Хурдан хүлэг бол цаанаасаа л өгөгдөлтэй төрдөг. Цагийн эрхээр хүн өөрөө хүлгээ шинжиж баяр наадам болохоор уралдуулмаар санагддаг. Урдуур ирвэл дараа жилийн наадам даанч хол байна даа гэж бодсон ч давхиулмаар санагдаж цаанаасаа л асарч тойглоод ойр зуурын юмандаа явуулахгүй хайрлаад өөр хүнээр унуулахаас ч харамлаад эхэлдэг.

-Таны бодлоор морьдын бусад амьтдаас ялгарах өвөрмөц шинж чанар юу вэ?

-Амьтад заримдаа хүнээс илүү ухаантай. Хэл ойлгохгүй хэдий ч эзнээ зөнгөөрөө л таньдаг. Багадаа бидний ихэнх нь хөдөө өссөн. Одоогийнх шиг утас, элдэв янзын тоглоом байсангүй. Нутаг сэлгэж нүүвэл сүлжээ ч байхгүй. Тэр үедээ морь малтайгаа ярина. Ойлгохгүй гэх бодол ерөөсөө төрөхгүй өнөөдөр хоёулаа тэгнэ, ингэнэ гээд л яг найзууд шиг ярилцдаг. Хамгийн гоё нь морь ярихгүй ч гэсэн чимээгүйхэн сонсож ойлгоод өөдөөс хариу үйлдэл үзүүлдэг. Хүн хүнээ хайрлах ухаанд аав ээж сургадаг бол амьтан хайрлах ухаанд хүн өөрөө л суралцдаг. Хөдөө хотыг бодвол тайван амгалан, хөл хөдөлгөөн багатай газар. Хаашаа ч харсан өргөн уудам цэлийсэн тал болохоор бодол сэтгэлгээ хүртэл уужим саруул байдаг. Хүн хүлгийнхээ нуруун дээр байгалийн олон аашийг анзаарахгүй давхиж явах нь хамгийн сайхан эрх чөлөө. Зорьж очих газар хэчнээн бартайтай хол байсан ч түүнийг миний морины туурай чадал туулаад хүрнэ гэж бодохоор омогшил төрдөг. Монгол хүний сэтгэлд бол морь зүгээр л нэг таван хошуу малын нэг биш. Удам судрын үргэлжлэл эр хүний хийморийг сэргээсэн үлгэр домгийн нэг хэсэг гэж боддог.

-Хүн амьтадтай ойр дотно байж амьдралынхаа нэг хэсэг болгосноор ямар өөрчлөлтүүдэд хүрэх боломжтой вэ?

-Хүүхдийн сониуч занг амьтан шууд ойлгохгүй шүү дээ. Аав ээж амьтан гэдэг утгаар нь бэртээж гэмтээнэ гэж аль болох хөлөөс нь хол байлгах, өөрсдийн унаж сургасан аашийг нь мэддэг морьдыг унуулахыг хичээдэг. Бид бол шуудхан л унаж давхиад хурга ишиг хариулаад явах тухай боддог. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг унасан ч гэж бодохгүй дахиад л мордоод давхидаг. Морь хүнийг өөртөө тэгж их татаж дурлуулдаг сонин амьтан.Монгол соёл, уламжлал их гоё. Тэр бүхэнтэй морь салшгүй холбоотой. Амьтдыг хайрлах нь хүнийг өгөөмөр нинжин сэтгэлд суралцуулдаг. Жишээ нь нэг нутгийн ч юм уу саахалт айлынхаа эсвэл зүс мэддэг морьдыг бид ямар ч яаруу ажилтай явсан услахгүй өнгөрч чаддаггүй. Худгийн ховоо дийлэхгүй хүүхэд байсан ч бага багаар татаад хэдэн морьдыг услаад гаргадаг. Үүнийг хүн чанар, харилцан туслалцах уламжлалтай малчдын соёлын илэрхийлэл гэж ойлгодог. Малчин хүний холч ухаан айлын адуу малыг услахаас эхэлж ч болох юм. Энэ нь дан ганц сайхан сэтгэл ч биш тухайн хүний хүн чанарынх нь толь ч байж болно. Монгол хүн морин дээр төрж, өсөж, дэлэн дээрээс нь дэлхийг хардаг гээд л яриа байдаг. Энэ үгээр эрт дээрээс үеэсээ л адууны үнэ цэнийг илэрхийлсэн гэж ойлгодог. Хүмүүс олон янзын өнгө зүстэй амьтан тэжээснээс ахуй амьдралтайгаа ойр хүний жинхэнэ нөхөр байж чадах амьтныг өсгөж үржүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Zms.mn