“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя”  буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

 

Б.Ганхайч: Тэмцээн бүрд  аав, ээжийнхээ хайрласан нэрээр дуудуулаад гарахад сайхан байдаг

-Намайг Болдын Ганхайч гэдэг. Би 1995  оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн. Эцэг эхээсээ долуулаа. Бидний дөрөв нь хайч орсон нэртэй. Миний нэрийг аав, ээж маань будаанд шигшиж өгсөн гэсэн. Ган гэдэг нь бат бөхийг бэлгэдсэн утгатай. Нэрийг маань хүмүүс амархан цээжилчихдэг юм. Бага байхад  зарим хүмүүс “ хайчаа” гэж дуудахад бага зэрэг эмзэглэдэг байсан. Тэмцээн бүрд  аав, ээжийнхээ хайрласан нэрээр дуудуулаад гарахад сайхан байдаг.

 

Г.Маа: Миний нэр Төвдөөр эх гэсэн утгатай

-Намайг Ганболдын Маа гэдэг. Хүмүүстэй танилцахаар хэн гэнээ гэж дахин хэлүүлж байж нэрийг минь мэддэг. Би гурван ахтай айлын ганц охин. Аав, ээж минь охинтой болохыг их хүсдэг байсан учир эмэгтэй хүүхэд төрлөө хэмээн бэлгэшээж энэхүү нэрийг хайрласан гэдэг. Монголчууд бид нэр хайрлахдаа Төвд нэр их ашигладаг. Маа гэдэг нь Төвдөөр эх гэсэн утгатай. Бага байхад хүүхдүүд нэрийг минь шоолохоор яагаад ийм сонин нэр өгсөн юм бол гэж боддог байсан. Харин одоо бол эсрэгээрээ. Дуудах нэрийг эцэг, эх өгч дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг шүү дээ. Тиймээс өвөрмөц ховор энэ нэрээ өндөрт өргөж амьдарна гэж боддог. Мөн нэр гэдэг хүний амьдралын утга учрыг тодорхойлдог зүйлийн нэг. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдрах тохиолтой. Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй ёс. О.Дашбалбар агсны хэлснээр “Надаас нэр, хувцсыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэсэн байдаг шүү дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 132 (7629)