П.Лхагважаргал
Төрийн наадмын торгон дэнжид даага түрүүлгэсэн Тод манлай уяач Г.Буянтогтохын баярын сэтгэгдлийг хүргэж байна.
-Улсын наадамдаа хурдан даага түрүүлгэсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Ардын хувьсгалынхаа 104 жилийн ойд хурдан даагаа түрүүлгэлээ. Сайхан байна. Сэтгэл их хөдөлж байна.
-Хүй долоон худгийн дэнж дээр хэзээнээс эхэлж наадав?
-Улсынхаа наадамд хүүхэд байхаасаа морь унаж байсан. Багшийгаа байх үед туслахаар нь ажиллаж, морь уяж эхэлсэн. Ерөнхийдөө улсынхаа наадамд морь мордуулах энэ ажлыг тастахгүй л гэж боддог. Айраг түрүү авах нь хамаагүй. Төрийнхөө наадамд морь мордуулах нь миний мөрөөдөл учраас энэ ажилд идэвхтэй оролцоно гэж боддог. Энэ жил их хувь заяа таарч төрийнхөө наадамд даага түрүүлгээд сайхан байна.
-Мөрөөдөл болсон улсын наадмаасаа анхны айргаа хэзээ хүртэж байсан бэ?
-Анх багштайгаа хамт хязаалан уяж, түрүүлгэж байлаа. Сүүлд нь Сүмбэн зээрд, Цоглог зээрд гэх хоёр азаргаа айрагдуулж байсан. Их сайхан байсан. Эргэлт бас ирдэг юм байна. Жил болгон манай залуучууд, нийт уяачид төрийнхөө наадамд идэвхтэй оролцож, морьдоо сайхан мордуулж байгаарай гэж ерөөе дөө.
-Та эрдэмт уяачдын өлгий нутгийн залгамж халаа юм байна. Энэ жил морьдынхоо уяа сойлгыг хаана тааруулав?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь өөрөө Төв аймгийн Баян сумын хүн. Манай ах Төв аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Манайхан чинь Баян сум, Багахангай тэр хавьдаа морио уядаг. Багахангай, Баян сумынхандаа бүгдэд нь баяр наадмын мэнд дэвшүүлье.
-Заа баярлалаа. Сайхан наадаарай.