Х.Хатанзориг
Монгол Улс, Хонгор нутаг шинэ “Арслан”-тай боллоо.Тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Тэргүүн богд” бөхийн дэвжээний бөх Монгол Улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүллээ.
Баянхонгор аймагт “Хонгор нутаг”, “Их богд” дэвжээгээрээ хоёр хуваагдсан байсан хангай, говийнхон тулгаа нэгтгэж “Тэргүүн богд” дэвжээг нээсэн цагаас л энэ жилийн бөхийн магнайг ард түмэн ярьж эхэлсэн. Тааврыг эвдэж, таамгийг дагасаар Улсын начин Э.Батмагнай хүү аранзал залуу 24 насандаа түрүүлж, түмний итгэлийг хүлээлээ.
Анхлан “араажав”-аар чих тавин сонсож ууган “Арслан”-тай болж байсан Хонгорын ард 76 жилийн дараа дахин нэг “Арслан” цолтноо өлгийдөн аваад бөөн баяр. Цахим ертөнцөд байсан чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах багшийн бичлэг наад захын жишээ. Түүнээс наана хэдэн хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө дэвхэрч гүйснийг хэлж мэдэхгүй юм. Гол усаараа, айл саахалтаараа, ах дүү саднаараа, найз нөхдөөрөө нийлэн найр наадам болж баярлав. Наадмын орой төв цэнгэлдэхэд эгшиглэсэн “Хонгор нутаг” дуугаа аймгийнхаа төв талбайгаас алс холын малчны хот хүртэл үргэлжлүүлэн аялцгаав.
Дараагийн аварга төрөх нь цаг хугацааны л асуудал болсон гэдгийг монгол түмнээрээ харлаа, мэдлээ. “Тэргүүн богд” бөхийн дэвжээний “тэнхээг” мэдэрлээ. Шинэхэн, залуухан “Арслан”-аас минь олны хар цагаан хэл ам нь хазгай тусаг ээ.
Хослом цэнхэртэх хангай, говийн
Хонгор нутаг, хонгор нутаг минь ээ
Хосгүй чамдаа хайртай...