Ч.БЯМБАХАЖИД
Энэ сарын 7-ны өдөр Чингис хааны музейд “Олон улсын кино хөгжүүлэлт, өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болж, олон улсын шүүгчид болон кино урлагын салбарынхан оролцлоо.
Уг хэлэлцүүлэг нь “Киноны нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тус хөтөлбөрийг залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэхэд түлхэц болох зорилгоор анх Монгол Улсад 2023 онд “Киноны нүүдэл” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяа Кино урлагын зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Энэ талаар Киноны нүүдэл хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяа “Эхний жилдээ олон улсын хамтын ажиллагаа, продюсеруудтай хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарч ажилласан. Харин хоёрдахь удаагаа зохион байгуулахдаа урт хугацаанд уран бүтээлчдээ хөгжүүлэх зорилгоор АНУ-ын Сандэнс кино наадамтай хамтран онлайнаар хичээллэдэг платформ дээр “Киноны нүүдэл” гэх цонх нээж монголчуудад зориулан Монгол орчуулга бүхий сургалтын хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Үүн дээр үндэслэн уран бүтээлчид ойролцоогоор 10 сарын хугацаанд шат дараалласан сургалтуудад хамрагдаж, төслөө хөгжүүлсэн. Хөтөлбөрт анх 56 уран бүтээлч хамрагдснаас 37 төсөл хүлээн авч, үүнээсээ 10 төслийг шалгаруулсан байгаа. Сонголтын хувьд уран сайхны кино, баримтат кино, анимейшн, богино кино гэсэн төрлүүдээс сонгосон” гэлээ.
Уг хөтөлбөр нь кино урлагын салбарт шинээр гарч ирж буй залуу үран бүтээлчдийг дэмжих, тэдэнд олон улсын кино салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах гээд томоохон боломжийг нээж өгч буйгаа онцлог, давуу талтай юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд тус хөтөлбөрт хамрагдаж, сонгогдсон 10 уран бүтээлчид сертификат гардуулан, шилдэг хоёр төслийг шалгаруулсан юм.
Шилдэг төслүүдээр залуу найруулагч Б.Тамирын “Жинжийгийн төрсөн өдөр”, Д.Золбаярын “Цасхан” анимейшн тус тус шалгарлаа.
Эх сурвалж: zms.mn