С.УРТНАСАН

LE SSERAFIM хамтлаг дэлхийн тавцанд хүчтэй оршиж байгаагаа Тайванд болсон тоглолтоороо дахин баталлаа. Тэд 2025 оны LE SSERAFIM TOUR ‘EASY CRAZY HOT’ IN ASIA аялан тоглолтоо долоодугаар сарын 19, 20-нд Тайпэйн NTSU Arena-д  эхлүүлсэн байна. Тэдний үзүүлбэр олны анхаарлын ихээр татсан тул Тайваны үндэсний олон нийтийн телевиз TTV болон мэдээний суваг TVBS-ээр онцгойлон мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлүүд тоглолтын билет бүрэн зарагдаж, үзэгчдийн сэтгэл хөдлөл өндөр байсныг онцлон бичиж, LE SSERAFIM хамтлаг нэр хүндээ баталгаажуулсан гэж үнэлжээ.

“Ази тивийн Мадонна” хэмээгддэг дуучин Jolin Tsai нэрт жүжигчин Greg Hsu (Hsu Kuang-Han) нар үзэгчдийн дунд байжээ. Тухайлбал, Jolin Tsai анх удаа K-pop тоглолт үзсэн нь Тайваний фэнүүдийн дунд томоохон дуулиан дэгдээсэн бол, Greg Hsu нь өмнө нь 2023 онд “UNFORGIVEN” дууны TikTok челленжид оролцож байсан бөгөөд энэ удаа тайзан дээр гарсан том дэлгэц дээр бүжгийн хөдөлгөөнөөс нэгийг нь хийсэн нь олны анхаарлыг татжээ. Тайваний алдарт рок хамтлаг Mayday  мөн цэцгийн баглаа илгээж дэмжсэн байна. Ийнхүү Jolin Tsai, Greg Hsu болон бусад алдартнуудын халуун дэмжлэг дор LE SSERAFIM хамтлаг Тайпэйн тоглолтоо амжилттай өндөрлүүлж, Азийн аялан тоглолтынхоо хүчтэй эхлэлийг тавилаа.

Хамтлаг “HOT” нэртэй тав дахь мини альбомын дуунууд болон “FEARLESS”, “ANTIFRAGILE” зэрэг хитүүдээ амьд тоглолтоор үзүүлсэн. Мөн тэд үзэгчидтэй нутгийн хэлээр ярьж, алга ташилтаар угтагдсан байна. Jolin Tsai-ийн алдарт “Sun Will Never Set” дууны хэсгийг дуулсан нь үзэгчдийн дунд уухай шуугиан дэгдээжээ. Хамтлаг фэнүүддээ хандан: “Та бүхний халуун хүлээн авалтад маш их баярлалаа. Та нар бидний хүч, урам зориг. Алсаас дэмжиж, тоглолтод ирэх амаргүйг бид мэднэ. Бид үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхний Солонгосоор дуулж байгааг сонсоход сэтгэл хөдөлмөөр байлаа. Хэл өөр байлаа ч зүрх сэтгэл холбогдвол үнэн сэтгэл мэдрэгддэг гэдгийг дахин ойлголоо” гэж хэлжээ. Тэд мөн: “Та бүхний гэрэлтсэн царайг хараад бид улам их хичээх ёстойгоо ойлголоо. Бид үргэлж FEARNOT-ын талд байх болно” хэмээн амласан байна. Тоглолт анхнаасаа зөвхөн долоодугаар сарын 19-нд болохоор төлөвлөгдөж байсан ч, тасалбар шууд зарагдаж дууссан тул нэмэлт тоглолтыг 20-нд зохион байгуулсан бөгөөд тэр тасалбарууд нь ч шууд зарагджээ.

Эх сурвалж: zms.mn