Булган

Ж.МӨНХ-ОЧИР

 

Дашинчилэн сумын Доргонт орчмоор нутаглаж малынхаа хишиг буянаар өөдрөг өнгөтэй аж төрж яваа малчны нэг бол Дор­жийн Лавмэдэх. Нутаг усандаа төдийгүй улсын хэмжээнд төдийлөн дуул­даа­гүй содон нэртэй тэ­рээр сумын дунд сургуулиа 1987 онд төгсөөд  аймаг, нийслэл рүү явалгүй малчин болж аж төрөхөөр шийджээ. Удсан ч үгүй “Туяа” нэгдэл нь тарсан байна. Яаж аж төрнө дөө хэмээн сэтгэл санаа хоёрдолгүй хүний дайтай ажиллаж амьдарна гэсэн хүсэл тэмүүлэлд хөтлөгд­сөн аж. Хүсэлдээ хүрэ­хийн тулд хувьчлалын мал, хувийн өмчөө өсгөж арвижуулахыг эрхэмлэ­сэн байна. Сэтгэл гарган мал­ласан хүнд хишгээ хайр­ладаг буянт сүрэг нь өсч өтгөрсөөр арав гаруйхан жилийн дотор ээлтэй эзнээ энэ нутгийн “толгой хөрөнгөтөн”-ий нэг буюу мянгат малчин болгов. Эднийх өнгөрсөн оны тооллогоор хоёр мянга гаруй мал тоолуулжээ.

Тэрээр мал сүргээ тоо толгойгоор нь нэмэгдүү­лэхийн зэрэгцээ ашиг шим арвинтай үүлдэр угш­лаар чанаржуулах бол­сон байна Тухайлбал, хонио Дархад, ямаагаа эрчмийн хар, үхрээ “Сэ­лэнгэ” үүлдрээр, адуугаа хурдан удамтай Дорнод, Хэнтийн угшлаар сайж­руулж эхэлжээ. Энэ нь үр дүнгээ өгч өнгөрсөн оны сүүлчээр тоолуулсан 2060 гаруй малынх нь 17.7 хувь үржлийн цөм сүргийн ангилалд орсон байна.

Хөдөөгийнхний нэг жишиг гэвэл ноолуурыг нь борлуулж ашиг орлого олох зорилгоор ямаан сүргийг голчилдог болсон. Тэгс­нээр ямаа нийт сүргийнх нь 40 гаруй хувийг эзлэх төвшинд хүрч сүргийн бүт­цийн зохистой харьцаан алдагдсан жишээ их бий. “Цаг цагт цаддаг, цагаан сараар нэг цаддаг” гэгчээр жилдээ нэг орлого өгдөг ноолуураараа малчдыг “урхидсан” ямаа ихээр олширвол бэлчээрийн өвс ургамалд халтай зэрэг бу­сад балаг ихтэй тул зохис­той тоо хэмжээнээс хэт­рүүлэхгүй байхыг мал аж ахуйн мэргэжилтэн, удирд­лагууд хэлж анхаа­руулдаг. Лавмэдэх тэр жишгээс доогуур хэмжээ­ний ямаатай байдаг нь хувиа бодож олз орлогод тэмүүлэлгүй орон нут­гийн­хаа бэлчээрийг уна­ган төрхөөр нь байлгахад хувь нэмрээ оруулж яваа гэсэн үг.

Хүний дайтай аж төр­нө хэмээн өөртөө анд­гайл­сан Лавмэдэх буянт сүргийнхээ хишгээр өрх гэр, ам бүлийнхнээ өөдрөг сайхан авч яваагийн зэрэгцээ буя­наа бусадтай хуваалцдаг нүнжигтэй малчин гэж болно. Цөөн малтай Д.Ганбаатар, Д.Доржням­буу, Б.Самбуу нарын гур­ван өрхөд 210 гаруй мал өгчээ. Туслах малчнаар Д.Ганбаатар, Б.Самбуу нарыг гэрээгээр ажиллуу­лан жилд 1.7 сая гаруй төгрөгөөр цалин­жуулж эрүүл мэндийн бо­лон нийгмийн даатгалыг нь бүтэн жилээр төлдөг байна.

Сумын эмнэлэг, сур­гууль, цэцэрлэгийнхнийг олон удаа баярлуулсан гэдэг. Заримаас нь дурда­хад эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө, төрө­хийн өмнөх байрыг тохи­жуулахад 850 мянга, эм­нэл­гийн ажилтан Б.Саруул-Одын гэр бүлд орон сууц барихад 800 мянган төгрөгийн дэмж­лэг үзүүлж энэ хамт олны нийгмийн асуудлыг шийд­вэрлэхэд зориулан арван хонь, нэг ажилтны нь мэргэжил дээшлүүлэх сургалтын зардалд 150 мянган төгрөг өгч, улаан загалмайн хороонд 100 мянган төгрөг, таван хонь хандивлан онцгой гишүүн нь болсон байна. Мөн сумын дунд сургуулийн нэг ангийг тохижуулахад сая төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хийдийн байрны засварт тодорхой хэмжээгээр тусалж сүү­лийн гурван жилд ахма­дуу­дад хүндэтгэл үзүүлэ­хэд гурван хонь, 300 литр айраг өгч баярлуулж байлаа.

Түүнчлэн гамшгаас хамгаалах сумын санд 1.1 сая, багийн санд дөрвөн хонь, 100 литр айраг, 300 мянган төгрөг хандивлаж хаврын тэргүүн сарын шинийн хоёрны уламж­лалт хурдан морины уралдааны эхний арван азаргын байг хоёр сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

Малчин Д.Лавмэдэх сүүлийн жилүүдэд өвөл­жөө, хаваржааныхаа бэл­чээрийг дулааны улиралд чөлөөлөн  талхагдлаас хам­гаалж зуслан, намар­жааныхаа ойролцоо гүний худаг гаргуулан оролцоо­ны хөрөнгөнд нь 800 мянган төгрөг өгснөөр хавь орчмынхоо айл өр­хийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах боломж бүрдүүлэхэд тусал­сан байна. Туслах малчидтайгаа хамтран хад­лан, гар тэжээл бэлт­гэн, хужир шүү нөөцөлж үйлдвэрийн тэжээл ч базааж авдгийн дүнд өвөл, хаврын хатуу хайруу үед малаа тэжээж тэнхээ тамир алдуулахгүй давах боломж бүрдүүлдэг. Мөн малынхаа ноосоор 20-25 метр эсгий хийжээ.

Ийнхүү ажилсаг хө­дөл­мөрч, бусдадаа дэм тус­тайгаараа нутаг усны­хан­даа дууриал болж яваа Доржийн Лавмэдэх энэ жил улсын сайн малчин хэмээх алдар хүртлээ. Энэ бол эзнээ олсон шагнал гэж нутгийхан нь ярил­цаж байна. Удахгүй болох сар шинээр улсын аварга малчны шагнал цул мөн­гөн цар, алтадмал хээтэй домбоо хоймортоо зална. Энгэрт нь улсын аварга малчин тэмдэг ч гялалзана.