Д.ЦЭРЭННАДМИД

 

Монголын уран зохиолын Академийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат энэ онд “Сүүтэй сахиус” нэртэй таван боть романаа уншигчдын өмнө дэлгээд байна. Ингэснээр Д.Төрбат 50 роман бүтээсэн зохиолч болоод байгаа юм. 50 романтай зохиолч монголд өөр хэн байдаг билээ гээд бодлоо. Хорь, гучин романтай зохиолч байхаас Д.Төрбат шиг зуугийн тал тоотой роман гаргасан нь одоодоо байхгүй л бололтой. Тэгвэл дэлхийд байдаг юмсан уу гээд хайж үзэв. Үнэн л байдаг байгаа даа гэмээр баримт олдов. Үүнийг сонирхуулбал, 1800-гаад онд амьдарч байсан Польшийн зохиолч Юзер Игнаци Крашевский гэдэг хүн 600 роман бичсэн гэх юм.

Бразилийн Риоки 1000 ном гаргасан байх юм. Газар газрын аугаа тэр хүмүүс дунд Оросын зохиолч Л.Н.Толстойн 20 романыг шилдэг гэж үнэлсэн байдаг аж. Тэгэхлээр манай зохиолчдоос тавин роман гаргаад байгаа Д.Төрбат дэлхийд лав тооцогдохгүй нь бололтой. Гэхдээ 50 роман бичнэ гэдэг асар их авьяас хөдөлмөр шаардаж таарна даа. Д.Төрбат анх 1986 онд “Могойн чуулган” романаа гаргаж дараа нь “Мутрын адис”, “Сунтагийн адис” хоймсон романаа гаргасан байдаг. Түүнээс хойш сүүлийн 20 жилд үргэлжилсэн үгийн зохиолоор дагнаж байгаа юм билээ. Д.Төрбатын романуудад бодит амьдралаас сэдэвлэсэн 10 гаруй бүлэг роман бий. Тэр дотор өрлөг жанжин Х.Чойбалсан мөн жанжин Г.Дэмидийн тухай хоймсон романууд түүхэнд гэрэлтэн явсан боловч мартагдах шахсан хүмүүсийн хувь заяаг амьдралын гэрэл гэгээтэй талыг голчлон тодруулж чадсан байдаг. Үүнийгээ хувь хүнийхээ хувьд бүтээлээрээ буян хийж яваа юм даа гэж өөрөө тайлбарладаг юм. Д.Төрбатыг сайн танихын хувьд хамаа намаагүй цөлх эр гэж биш гэж хэлнэ. Гэхдээ хэнтэй ч юм энгийн ярьж байхдаа зохиолынхоо санааг олоод авдаг авьяаслаг нэгэн. Тэнгэрээр явсан тэнэмэл санааг тэмтэрч олоод тэрлэж бичихдээ тэс өөр амьдралын агшин болгоод урлачихна. Д.Төрбатад уран зохиолын төрөлд бичээгүй сэдэв гэж байхгүй дээ.

Харц хатан, Амьдралын улаан шугам, ялагдаагүй ганцаардал гээд жүжгүүд, Галын урсгал, Ирж яваа цаг, Алт амилах цаг, Бүсгүй завилгаа тэргүүтэй кинонууд бас яруу найргийн 10 гаруй номоороо уншигчдын хэзээний танил зохиолч. “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн шагнал авч байсныг нь уншигч түмэн мартаагүй биз ээ.

Энэ онд уншигчдынхаа гар дээр тавьж байгаа “Сүүтэй сахиус” таван боть романд Монголын их дагина Дондогдулам Бог хааны хатан байсан Гэнэнпил болоод их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Л.Пагмадуламын амьдралын тухай өгүүлсэн байна. Харин тав дахь ботид болохоор Д.Төрбатын өөрийнхөө амьдралын дурсамжийг “Хувь ерөөлийн чуулган” нэртэйгээр багтаажээ. Д.Төрбат гэдэг хүн хэдий цагт романаа аль цагт нь шүлэг яруу найргаа бичдэг нь бас сонин.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 130, 131 (7627, 7628)