Найруулагч Н.Наранбаатар "Бидний өвөг дээдэс даян дэлхийд энх амгаланг тогтоож байсан. Эзэн Чингис хаан даяарын энх тайвныг бий болгож, улс орон гүрэнтэй эв хамтын гэрээтэй ажиллаж байсны том илэрхийлэмж гэж би хувьдаа ойлгож байна. Мэдээжийн хэрэг Монголчууд бид зочломтгой, найрсаг зан чанараа энэ удаагийн наадмын нээлтэд хэрхэн харуулах уу, Монгол оронд минь хүн бүхэн, эзэн хаан бүхэн тавтай морилоосой, ёс заншил, эдэлж хэрэглэсэн уламжлал, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг нээлтээс хараасай гэж бодож найруулсан. Гэхдээ үүний цаана гол амин сүнс нь мөнхөд гэрэлтэх Монгол бий. Бид эх оронч байх ёстой. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ хайрлах юм тэгж чадваас эх орноо хайрлах үндэс бий болно. Иргэн бүр хайрлаж чадваас мөнхөд гэрэлтэнэ гэсэн санааг энэ жилийн наадмын нээлтээр ард олондоо хүргэхийг хичээсэн.
Бид хэн байлаа, одоо хэн болчхоод байгаа, ирээдүйд хэн болох тухай дор бүрнээ бодох цаг болжээ. Баясал цэнгэл гэдэг ард түмний баяр хөөр гэхдээ үүний ард ухаарал мөнхөд дагах ёстой. Эх орон гэх үг хамгийн эхлээд эх хүний хэвлийгээс эхэлдэг. Тодорхой хугацаанд тээгдээд эх дэлхий этүгэн минь тосоод авдаг тэр цагаас эхэлж бид нар хүн болох тухай бодож эхэлдэг учраас нарийн нандин зүйлийг нь илүү их ойлгуулахыг хичээлээ" гэсэн юм.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтод нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож байгаа бөгөөд уран бүтээлчид төдийгүй алдарт эхүүд, циркчид, цэргийн албан хаагч нар, Харүмафүжи сургуулийн 200 гаруй хүүхэд, 300 морин хуурч, 100 уртын дуучин оролцжээ. Түүнчлэн зураач нарын багтай нэгдэн механик, инженерийн сэтгэлгээг гаргасан бөгөөд хөдөлгөөнт тайз зэргийг бэлдсэн гэв.
Гэрэл зургийг Л.Номингэрэл