Ч.Бямбахажид

Гэрэл зургийг Л.Номингэрэл

Өнөөдөр Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдрийг анх 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулан хүндэтгэл илэрхийлж ирсэн. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн далбаа мандуулах ёслолд зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцлоо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал юм.

Ёслолын жагсаал жанжин тугийн дор “Номхон” командаар эхэлж, Цэргийн ёслолын жагсаал командлагч Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, Бригадын генерал Ж.Өсөхбаяр жанжин тугийг ёслолын жагсаалд залсан юм. Зэвсэгт хүчний жанжин туг нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг төдийгүй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморын бэлгэдэл, Зэвсэгт хүчний дайчин уламжлал,цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл билээ.

Жанжин тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний орлогч дарга, Бригадын генерал н.Баатар, Тугчаар Зэвсэгт хүчний хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Бригадын генерал н.Баяр-Очир, Туг хамгаалагчаар Зэвсэгт хүчний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа н.Төрмөнх, Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга, хурандаа н.Уламбаяр нар ажиллаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, Бригадын генерал Ж.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутад илтгэл өглөө. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Төрийн далбааны ёслол”-ын жагсаал бэлэн болсныг илтгэж, Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан юм. Үүний дараа Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал эхэллээ. Ёслолын жагсаалыг Цэргийн ёслолын жагсаал командлагч, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, Бригадын генерал Ж.Өсөхбаяр командласан юм.

Цэргийн ёслолын жагсаалын эхэнд Зэвсэгт хүчний жанжин тугийг Зэвсэгт хүчний орлогч дарга, Бригадын генерал н.Баатар, Зэвсэгт хүчний хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Бригадын генерал н.Баяр-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа н.Төрмөнх, Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга, хурандаа н.Уламбаяр нар хүндэтгэлтэйгээр залж явлаа.

 

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэж, эгнээнээсээ 14 хилчин баатар, олон зуун эрэлхэг эх орончдыг төрүүлсэн жанжин Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хил хамгаалах ерөнхий газрын хилчин дайчдын жагсаал

Жагсаалыг Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа н.Ууганбилэг командлалаа.

Эмэгтэй цэргийн алба хаагчдын жагсаалыг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Шалган нэвтрүүлэх албаны ажилтан, ахмад н.Нарантуяа нар удирдлаа.

 

Эзэн Чингис хааны хэвтүүл цэргээс улбаатай жанжин Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал.

Жагсаалыг Дотоодын цэргийн штабын цэргийн албаны сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа н.Батзориг командлалаа. Байнгын бүрэлдэхүүний салбарыг Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн цэргийн алба зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч н.Бямба-Очир командлан алхлаа.

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал алхаж, жагсаалыг нийтийн хэв журам хамгаалах албаны хамгаалалт, зохицуулалтын газрын дарга, хошууч н.Амаржаргал удирдлаа.


Онцгой байдлын ерөнхий газрын аврагчдын жагсаалыг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа н.Дашням командлан алхлаа. Байнгын бүрэлдэхүүний салбарыг ОБЕГ-ын Захиргаа, эрхзүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа н.Ганбат, эмэгтэй алба хаагчдын ёслолын жагсаалыг ОБЕГ-ын Санхүүгийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа н.Онон нар удирдан алхлаа.

ДХИС-ийн ёслолын жагсаал алхаж, жагсаалыг ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын хэлтсийн дарга, хошууч н.Зэсшагай командлалаа.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын бүрэлдэхүүн.