Б.ЖАВХЛАН

Гэрэл зургийг Р.ОЮУН

Монголын байгаль хамгаалагчдын холбоо болон байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Алт-3” аяны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зурвасыг өөрчилж алт олборлох гэж байгаа асуудлыг эсэргүүцэж, УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар МУИС-ийн багш доктор Д.Өсөхжаргал “Судлаачид болон байгаль хамгаалагчид бид Монгол Улсын их хурал болон Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь эсэргүүцсэн зүйл байхгүй. Зөвхөн одоо яригдаж буй “Алт-3” аяны хүрээнд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэгийг өөрчилж алт ухах гэж байгаа нь монгол улсын мөхлийн заалтууд гэж үзэж байна. Нүүрсний үнэ унаснаар төсөв тасарч эдийн засгаа аварна гэж хилийн цэгийг өөрчлөхөөр хууль оруулж ирж байна. Гэхдээ зөвхөн алттай холбоотой хилийн цэг өөрчлөх гэж байгаа мэт боловч цаашид тус хилийн гадна цэгийг ямар ч хэлбэрээр ашиглаж болох аймшигтай заалт байгаа юм. Хэрэв энэ хилийн цэгийг өөрчлөх тухай одоо хурлаар орж ирэх юм бол хамгийн энгийнээр Богд уулыг гэр хороолол болгох тухай, Тос тосон хустайн байгалийн цогцолбор газрыг малын бэлчээр болгох тухай, дэд бүтэц байгуулах гээд бүх зүйлд байгалийн цогцолбор газрууд нээлттэй болно гэсэн үг. Мөн Монгол Улсын төр барих, хууль батлах дээд байгууллага болох УИХ нь өөрөө хуулиа зөрчиж байна. Тодруулбал, Дээрх хууль нь Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийг бүгдийг нь зөрчиж байгаа юм. Түүнээс гадна Монгол Улсын нэгдэн орсон биологийн олон янз байдлын тухай конвенц, цөлжилттэй тэмцэх конвенцын бүх заалтуудыг зөрчиж байгаа юм. Бид дархан цаазат газраа ухах хэмжээнд хүрсэн ядуу улс биш. Тиймээс ард иргэд бидний “нүд, чих” болж ажиллах ёстой УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа чандлан ажиллаач ээ. Үндэсний их баяр наадмыг далимдуулж эдийн засгаа аврах нэрээр халхавч хийж “Яаралтай горим” нэрээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчилж алт ухах ажиллагаагаа зогсоо” гэсэн юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр баталж, 1995 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байдаг. Хууль батлагдсанаас хойш 12 удаа өөрчлөлт оруулжээ. Үүнээс үүдэж тус хуулийг дагаж мөрдөх боломжгүй болжээ. Энэ талаар Монголын байгаль хамгаалагчдын холбоо “Тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах боломжгүй болсон. Дуртай цагтаа ТХГН руу Алт хөтөлбөрөөр дамжуулан дайрч хилийн цэсийг өөрчилдөг болсон тул яаралтай олон талт оролцоотой ажлын хэсэг байгуулж ард түмнээр нээлттэй хэлэлцүүлэг явуулж өөрчлөлт хийж өгнө үү” гэсэн юм.

Эх сурвалж: zms.mn