П.Лхагважаргал
Харахын тоолон галбир гайхал
Харайхын тоолон давхил гайхал
Санахын тоолон угшил гайхал
Самсаа шархираад тэсэхгүй гайхал ... Сайхан хүлэг “Гоё халиун”
Төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмынхаа зүлэг ногоон дэмжээнд наадамчин олноо түмэнтээ баясгаж, дуунд мөнхөрсөн энэхүү хүлэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын унаган юм. Өдгөө 26 настай Гоё халиун хурдан морьдын уяан дээр толгой хаялан өөрийгөө сойж зогсоно. Энэхүү хурдан хүлгийн эзэн Монгол Улсын алдарт уяач Т.Энхтайван уяа морьдоо барихдаа хүндэтгэл үзүүлж ийнхүү ёсолдог байна.
Гоё халиун морь нь хурдан хурц давхилаараа төдийгүй гоёмсог сайхан галбир, төрхөөрөө хурдан морь сонирхогчдын сэтгэлд мөнхөрсөн энэ цагийн нэрт хурдан хүлэг билээ. Ингэхдээ 2003 оны АХ-ын 82 жилийн ой, үндэсний их баяр наадмын түрүү, 2004 оны АХ-ын 83 жилийн ой, үндэсний их баяр наадмын аман хүзүү, 2005 оны АХ-ын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалж байсан юм. Түүнийг хязаалах жилийнх нь хавар Алдарт уяач Т.Энхтайван Тод манлай уяач Г.Сандуйжавын хамт очиж, шинжин худалдан авсан гэдэг.
Гоё халиун нь богино хугацаанд улс, бүсийн наадамд гурав түрүүлж, гурав аман хүзүүдэн Монголын хурдан морины түүхэнд хурц од болон гялалзаж байв. Гэвч хөл нь муудсаны улмаас уралдахаа больсон юм. Гоё халиун эдүгээ наадмын чимэг болж, Алдарт уяач эзнийхээ хийморийг сэргээн уяаны магнайд дүүхэлзэн зогсдог болжээ.