П.ЛХАГВАЖАРГАЛ
Монгол Улс түүхэндээ анх удаа “FIBA 3x3 World Cup 2025” буюу 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулж, Сүхбаатарын талбай дүүрэн үзэгчидтэй долоо хоног өнгөрсөн. Тэгвэл энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд аваргын алтан медаль хүртэхийн сацуу “MVP” буюу үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Нидерландын шигшээ багийн тамирчин Noortje Driessen-ийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.
Noortje Driessen 1999 онд тамирчны гэр бүлд төрсөн бөгөөд ах Jan Driessen нь мөн сагсчин юм. Зургаан настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бяцхан охин 2014 оноос Нидерландын дээд лигийн “Grasshoppers” багт мэргэжлийн түвшинд тоглож эхэлжээ. Ийнхүү тэрээр улсынхаа нэгдүгээр зэрэглэлийн дээд лигээс 2018, 2019, 2024, 2025 онд нийт дөрвөн удаа аваргын цом хүртээд байна. Мөн эдгээр амжилтынхаа дундуур 2021 онд Германы эмэгтэй мэргэжлийн сагсан бөмбөгийн баг болох GiroLive Panthers Osnabrück-д хоёр жил тоглосны дараа өмнөх багтаа эргэн нэгдсэн юм.
Өдгөө 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа түүний шигшээ багийн амжилт 2022 оноос эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “FIBA 3x3 Europe Cup” буюу Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2022 онд мөнгө, 2023 онд алт, 2024 онд хүрэл медаль хүртсэн билээ. Харин энэ удаа анхны дэлхийн аваргаасаа аваргын алтан медаль хүртээд байна. 3х3 сагс хурдан хэмнэлтэй, ширүүн өрсөлдөөнтэй, бөмбөг бүр үнэ цэнтэй байдаг тул түүний хэв маягт илүү тохирдог гэнэ. Тиймээс тоглолт бүрээ хайрлаж, нандигнадаг аж.
“Би Нидерландын бяцхан охидыг 3х3-д дурлуулахыг хүсэж байна”
ДАШТ-ий дараа өгсөн нэгэн ярилцлагадаа “Багийн эв нэгдэл, итгэлцэл л бидний амжилтын нууц байсан. Би тоглолтын бүхий л мөчид хамтрагчдаа итгэдэг. Тийм хэмжээнд итгэх нь үнэхээр ховор зүйл. 3х3 бол алдааг үл тэвчдэг спорт. Жижиг гэлтгүй ямар нэгэн шийдвэр тоглолтын үр дүнд шууд нөлөөлж болно. Тиймээс тоглолтын бүхий л цаг мөчид бие сэтгэлээ бүрэн зориулах шаардлагатай” гэж амжилтынхаа тухай хуваалцжээ. Түүнчлэн, би Нидерландын бяцхан охидыг 3х3-д дурлуулахыг хүсэж байна. Тэд ч мөн ирээдүйн дэлхийн аварга болж чадна гэх итгэл найдварыг төрүүлэхийг зорьж байгаа гэсэн юм.
Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд түүнийг ямар ч мөчид сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, багтаа хамгийн чухал оноонуудыг авчирч чаддагийг онцолж байв. Мөн довтолгоо, хамгаалалтаа жигд сайн хослуулж байсан нь “MVP” авсан гол үзүүлэлт болсныг дурдахын сацуу тоглолт бүрд дэлхийн шилдэг тамирчин гэдгээ нотолж байсан гэжээ.
Noortje Driessen-ийн эрч хүчтэй, сэтгэл сэргээм тоглолтууд 3х3 сагсан бөмбөгийг сонирхогч хүүхэд залуусыг улам нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлж байна.
БЛИЦ
3x3 Сагсан бөмбөгт:
- 2025 оны 3x3 Дэлхийн Аварга (Улаанбаатар):
- MVP (хамгийн үнэ цэнэтэй тоглогч)
- All-Star багт багтсан
- FIBA 3x3 дэлхийн чансаанд №1
FIBA Europe Cup (3x3):
- 2023 – Европын аварга
- 2022 – Мөнгөн медаль
- 2024 – Хүрэл медаль
-️ 2025 оны дэлхийн аваргын тоглолтуудад:
Энэтхэгийн эсрэг – 11 оноо
Чехийн эсрэг – 9 оноо
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)