Р.Оюун

Европын холбооны хосолмол түншлэлийн "Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь" төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд төслийг хэрэгжүүлэгч Европын холбооны гишүүн улс болох ХБНГУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд болон Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд, Засгийн газар, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, дипломат төлөөлөгчийн газрууд, бусад олон улс, дотоодын байгууллагын төлөөлөл оролцлоо. Европын холбооны санхүүжилтээр Герман улсын хэрэгжүүлж буй Хосолмол түншлэлийн төсөл нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Төслийн үндсэн түнш байгууллагаар Монгол Улсын Дээд шүүх хамтрхан ажиллаж байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Шүүхийн сахилгын хороо төслийн үр шим хүртэгч байгууллага юм. Энэ төсөл нь Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой аж. 

Төслийн хүрээнд Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэчлэлийг дэмжиж, шүүхийн чанарыг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх, үр нөлөө, хариуцлагыг дээшлүүлэх, шүүхийн хүртээмж болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна. Мөн Монгол Улсын түнш байгууллагууд болон Германы экспертүүд хооронд мэдлэг, туршлага солилцох тогтвортой хамтын ажиллагааг дэмжиж ажиллах ажээ. Хосолмол түншлэл лнь Европын холбооны гишүүн орнууд болон төслийн үр шим хүртэгч буюу түнш орнуудын ижил түвшний төрийн байгууллага хоорондын институцийн хамтын ажиллагааны арга хэрэгсэл юм. Хосолмол түншлэлийн төслөөр төрийн захиргааны шинэчлэлийг сайшаан дэмждэг. Мөн Европын холбооны үнэт зүйлсийг дэмжиж, Европын жишигт нийцсэн стандарт, хэм хэмжээг төлөвшүүлдэг байна. Хуулийн засаглалд дэмжлэг үзүүлж буй энэ Хосолмол түншлэлийн төсөл нь Европын холбооны хэрэгжүүлж буй дэлхийд гарах гарц стратегийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд бодитой, тогтвортой үр дүнд хүрэхийг зорьж байна. Төслийн үйл ажиллагааг хүлээж буй үр дүнтэй уялдуулж, бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваасан. Сургалт, семинар, экспертүүдийн албан томилолт, туршлага судлах аялал, зөвлөх үйлчилгээ гэсэн арга хэмжээг төлөвлөжээ. 

Эх сурвалж www.zms.mn