П.ЛХАГВА
Япон улсын Шибуяа өртөөний ойролцоо үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон акита үйлдрийн Хачико нохойны хөшөө бий. Энэхүү Хачико нохойд зориулсан хөшөөг алдартай уран барималч Тэру Андо хүрлээр урлаж, 1934 оны дөрөвдүгээр сарын 21-нд нээсэн боловч дэлхийн хоёрдугаар дайны үеэр устсан байдаг. Гэхдээ дайн дууссаны дараа буюу 1948 оны наймдугаар сарын 15-нд хөшөөг сэргээн босгожээ.
Энэхүү Хачико нохой нь 1923 оны арваннэгдүгээр сарын 10-нд Японы Акита мужийн хөдөө аж ахуйн нэгэн фермд төржээ. Фермерийн эрхлэгч шинээр төрсөн гөлгийг Токиогийн Их Сургуулийн профессор Хидэсабуро Уэно-д бэлэглэсэн байна. Энэ нь профессорын найм дахь нохой байсан тул Хачико гэж нэрлэв.
Профессор өдөр бүр Шибуяа өртөөнөөс ажилдаа явдаг байсан бөгөөд нохой нь үргэлж түүнийг хүргэж өгнө. Ингэхдээ өдрийн 15:00 хүртэл ажлаа тарахыг нь хүлээж, тосож авдаг уламжлалтай байжээ.
Гэтэл 1925 оны тавдугаар сарын 21-ний өдөр профессор ажил дээрээ цус харваж, нас барсан золгүй явдал тохиож дахин гэртээ эргэж ирээгүй юм. Энэ үед Хачико нохой 18 сартай байсан бөгөөд өдөр бүр хайртай эзнээ хүлээж буудал дээр ирдэг байв. Орой болтол тэвчээртэй хүлээж шөнөдөө эзнийхээ гэрийн өмнө хонодог энэ гайхалтай үнэнч занг төмөр замын ажилчид, өртөөний хавийн худалдаачид биширч, хооллодог байжээ.
“Хөгшин нохой долоон жилийн өмнө нас барсан эзнээ эргэж ирэхийг хүлээж байна"
Хачико нохойн энэ үйлдэл өдөр алгасалгүй давтагдсаар байтал 1932 онд Токиогийн томоохон сонинд "Хөгшин нохой долоон жилийн өмнө нас барсан эзнээ эргэж ирэхийг хүлээж байна" гэсэн нийтлэл хэвлэгдсэний дараа энэ нохой Япон даяар алдаршжээ. Энэ түүх япончуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, сониуч хүмүүс нохойг харахаар Шибуяа өртөөнд ирдэг болжээ.
Дээрх нийтлэл гарснаас гурван жилийн дараа Хачико нохой эзнээ арван жил хүлээсэн тэр л газраа нас баржээ. Өдгөө Шибуяа өртөөний ойролцоох Хачико нохойны хөшөө дурласан хосуудын болздог алдартай газар болсон байна.
Харамгүй хайр, үнэнч байдлын үлгэр жишээ болсон энэ нохойн түүхээр 1987 онд “Хачикогийн түүх” нэртэй кино хийжээ.
“Зууны мэдээ” сонины “Дөрвөн хөлтэй анд” буланд өөрсдийн дөрвөн хөлтэй найзуудынхаа тухай зураг, мэдээлэл түүхээ хуваалцахыг хүсвэл info@zuuniimedee.mn /Facebook: zuunii medee, Instagram: zuunii_medee/ хаягаар ирүүлээрэй.