П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

Багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаад байна

 

“FIBA 3x3 World Cup 2025” буюу 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монгол Улс анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээн нь зургаадугаар сарын 23-29-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, 27 орны 40 баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дэлхийн дэд аварга болоод байна. Энэ нь олимпын төрөл төдийгүй багийн спортын түүхэнд цоо шинээр бичигдэж буй торгон мөч юм.

Энэхүү түүхэн амжилт бүтээсэн тамирчдадаа Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж “Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо.

Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Атгасан гар шиг эвтэй байж амжилт, ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ. Ийнхүү Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг чансаагаараа Азид тэргүүлж, дэлхийд аравдугаарт бичигдэж байна.

 

Эмэгтэйчүүдийн ангилалд Нидерланд, эрэгтэйчүүдэд Испанийн шигшээ баг аваргын цом өргөлөө

Манай эмэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Бразилын хүчирхэг багийг 16:14-өөр хожсон ч хоёр дахь тоглолтдоо Испанид 22:10-аар хожигдсон юм. Улмаар олимпын аварга Германыг 18:14-өөр, Европын шилдэг багуудын нэг Украиныг 18:16-ээр хожсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн 16-д үлдэв. Тэгвэл хасагдах шатанд дэлхийн чансааг тэргүүлж байсан Хятадын шигшээг 21:19-өөр хожсоноор шилдэг найман багийн нэг болсон билээ. Харин дунд шөвөгт сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Америкийн шигшээг 18:15-аар, хагас шигшээд Польшийг 18:17-гоор хожиж финалын шатанд анх удаа шалгарсан юм. Мөнгөн медалийн болзлыг нэгэнт хангаж, сагсан бөмбөг, тэр дундаа багийн спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн манай охид алтан медалийн төлөө Нидерландын хүчтэй багтай тоглож, эцсийн мөчид 9:15-аар хожигдсоноор мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Энэ амжилт бол тэдний төдийгүй сагсан бөмбөг сонирхогч монголчуудын мөрөөдөл байсан юм. “Монголыг бөхийн эх орон гэдэг. Харин энэ мөчөөс сагсан бөмбөгийн эх орон гэж хэлэхээр боллоо” гэх баярын сэтгэгдлийг Монгол Улсын аварга О.Хангай хуваалцсан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгөн медальт Нидерланд амжилтаа ахиулж түрүүлсэн бол Канадын шигшээ баг хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд Испани түрүүлж, Швейцар мөнгө, Сербийн баг хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна. Энэ нь Испани, Швейцарын багийн анхны финал байсан юм.

Уламжлал ёсоор тэмцээний үнэ цэнтэй шилдэг тоглогч буюу “MVP” нарыг шалгаруулахад эмэгтэйчүүдээс Нидерландын шигшээ багийн тамирчин Noortje Driessen тодорсон юм. Тэрээр эмэгтэйчүүдийн 3х3-ын дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчин билээ. Харин эрэгтэйчүүдээс Испанийн шигшээ багийн Guim Exposito шалгарав.

 

О.Хулан дэлхийн бэлгэдлийн шигшээ багийн гишүүнээр шалгарлаа

 

Дэлхийн эмэгтэйчүүдийн бэлгэдлийн шигшээ багт дэлхийн аварга болсон Нидерландын Noortje Driessen, Канадын Saicha Grant-Allen болон Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Хулан нар багтсан юм. Тус тэмцээний дараагаас О.Хулан нь 123.394 оноогоор дэлхийн чансааны есдүгээрт бичигдээд байна. Тэрээр финалын тоглолтын дараа “Үгээр хэлэхийн аргагүй гайхалтай, мөрөөдөл биелж байгаа мэт сайхан байна. Биднийг бүх цаг үед дэмждэг монголчууд, арын албаныхан, байгууллагууддаа баярлалаа. Гурван сая хүн бидний ард байгаа гэж бодон супер баатрууд шиг байж чадлаа” хэмээсэн юм.

Харин манай багийн Б.Ариунцэцэг ДАШТ-ий турш 44 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлэв. Тэрээр нэг онооны довтолгоогоор 21, холын шидэлтээр 18, чөлөөт шидэлтээр таван оноо авчээ. Мөн хагас шигшээ шатанд Польшийн эсрэг хийсэн тоглолтод хожлын гоол хийх зэргээр гайхалтай тоглолт үзүүлсээр дэлхийн чансааны 12 дугаарт бичигдэж байна.

Түүнчлэн багийн ахлагч, шилдэг хамгаалан тоглогч М.Цэрэнлхамын ур ухаан, урмын үг, тоглолтын стратеги үзэгч дэмжигчдийн сайшаалыг ихээр хүртэж байна. Тэрээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Бид дасгалжуулагчийнхаа хэлснээр тоглосон. Үзэгч, дэмжигчид маань маш том хүч өглөө. Үзэгчдийнхээ хүчинд мөнгөн медаль авсан гэж бодож байна” гэсэн юм.

Цаашлаад манай шигшээ багийн тод өнгө, итгэл найдвар, гэрэлт ирээдүй болж, эгч нарынхаа хамт анхны дэлхийн аваргадаа орж гайхалтай тоглолт үзүүлсэн тоглогч бол Н.Нандинхүсэл билээ. 18 настай энэ охины зүрх зориг, ур чадвар монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг гайхшируулаад байна. Түүний хэлсэнчлэн, энэ бол тэдний дэлхийн аваргад зориулсан гурав, дөрөв сарын бэлтгэлийн үр дүн биш. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн баг бүрэлдэхүүний сүүлийн тав, зургаан жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)