П.АМГАЛАН
Тухайн улс орны нийгмийн чухал салбарын нэг бол шуудан, харилцаа холбоо. Дэлхий дахинд шуудангийн салбар цаг үеийн хурдацтай хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж буй. Тэгвэл дэлхийн шуудангийн салбарын хүрээнд чухал асуудлуудыг хэлэлцсэн, туршлага солилцсон, гарц гаргалгаа, шийдлийг эрэлхийлсэн Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) өчигдөр Улаанбаатар хотод албан ёсоор эхэллээ. Тус хурал долоодугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол Шуудан” ХК хамтран зохион байгуулж байгаа юм.
Олон улсын хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Монгол Улс энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг. Хүрэлцэн ирсэн APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл болж байна. Энэ үйл явцад Ази, Номхон далайн бүс нутгийн холбооны үүрэг чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.
“Захиа илгээх хэмжээ буурч байна”
APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой. APPU нь гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг. Үүний нэг нь манай улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал болж байна. Тус уулзалтын үеэр бүс нутгийн гишүүн орнуудын шуудангийн байгууллагын удирдлагууд, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Ази номхон далайн шуудангийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Vinaya Prakash Singh сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Хурлын хүрээнд Ази Номхон далайн бүсийн хувьд нэгдсэн шуудангийн маркийн стандарттай болох асуудал яригдаж байгаа. Мөн гишүүн байгууллагуудын шуудангийн оператор, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг хэлэлцэх юм.

Оператор, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Жишээлбэл, Ази номхон далайн шуудангийн холбооны дэргэдэх коллежоор дамжуулан сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байгаа. Энэ жилээс яам, тамгын газрууд болон зохицуулагч байгууллагуудад зориулсан хөтөлбөрүүдийг боловсруулж эхэлсэн.
Мөн энэ жилээс манай мэргэжилтнүүд тухайн улс оронд очиж сургалт зохион байгуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Ингэснээр илүү хүртээмжтэй болж байна. Дэлхийд нийтээр шуудангийн салбарт тулгамдаж буй асуудлын хувьд захиа илгээх хэмжээ хурдацтайгаар буурч байна. Тиймээс энэ бууралтыг нөхөх чиглэлийн ажлуудыг манай шуудангийн байгууллагууд хийж гарц, шийдлийг эрэлхийлж ажиллаж байгаа. Жишээлбэл, цахим худалдааг манай шуудангийн томилогдсон операторууд гол чиглэлээ болгон ажиллаж байна. Зарим шуудангийн байгууллагууд дотоодын жижиг дунд, бизнесүүдэд зориулсан инкватор төв хүртэл байгуулсан.
Түүнчлэн экспорт хийх сонирхолтой ААН-үүдэд арга зүйн туслалцаа үзүүлж байгаа. Энэ хүрээнд тухайн байгууллагууд шуудангийн сүлжээгээр дамжуулаад бүтээгдэхүүн үйлчилгээ, гадаад зах зээлд хөрвөх боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Харин Ази-Номхон далай хариуцсан координатор Trakur Subhash Sinha Монгол Улс шуудангийн салбартаа хэд хэдэн чухал технологийн дэвшлүүдийг нэвтрүүлсэн гэдгийг хэлж байлаа. Тэрээр “ Монгол шуудан” ХК автомат шуудан ялгах машин суурилуулж ажиллагаанд оруулсан. Мөн дэлхийн шуудангийн холбооны туслалцаатайгаар аймаг, сумдын шууданчдыг ухаалаг пос машинтай болгосон. Мөн дэлхийн шуудангийн холбооны төсөл болох дроноор шуудангийн хүргэлт хийх чиглэлээр туршилт хийгээд явж байна. Ингэснээр Монгол Улсын алслагдсан өнцөг булан бүрд амьдарч буй иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс хямдаар худалдан авах боломж бүрдэж буй. Мөн шуудангийн сүлжээгээр дамжуулаад төрийн болон нийтийн шинж чанартай үйлчилгээг авах боломжоор “Монгол шуудан” ХК хангаж байгаа. Тэр дундаа бичиг баримтаа шуудангаар захиалаад авах боломжийг бүрдүүлсэн нь “Монгол шуудан” ХК-ийн хувьд өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан үйлчилгээний нэг гэж харж болно.
Уг хурлын үр дүнд оролцож байгаа гишүүн байгууллагууд Монгол Улсын сайн туршлагаас суралцах боломжууд бүрдэж байна. Нөгөө талдаа, нийт гишүүн орнууд хоорондоо мэдээлэл, туршлагаа солилцож хуваалцаж, хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм. Ингэснээр Япон, Солонгос, Энэтхэг, Хятад зэрэг хурдацтайгаар шуудангийн салбарууд хөгжиж буй орнууд өөрсдийн сайн туршлагуудаас хуваалцаж жишиг тогтоох чиглэлээр ажиллах болно” гэсэн юм.
“Бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хэрхэн холбогдох вэ гэдэг нь чухал”
Манай улсын шуудангийн хөгжил олон жилийн арвин түүхтэй. Хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх, олон улсад хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм.
Улсын хэмжээнд 385 салбар, 1000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцон ажиллаж байна.
Нөгөөтээгүүр, Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн хурлыг эх орондоо зохион байгуулж буй нь дэлхийд эх орноо сурталчлах том арга хэмжээ болж буй. Уг хурлын талаар “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Уг хурлыг зохион байгуулснаар дэлхийн шуудангийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг Ази номхон далайн бүс нутгийн шуудангийн байгууллагуудтай холбогдох, хоёр талын хэлэлцээр хийх бололцоо бүрдэж байна. Энэ хүрээнд Монгол Улс шуудангийн салбарт олон улсын хамтын ажиллагаагаа хэрхэн өрнүүлэх вэ, ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэсэн олон чухал асуудлыг хэлэлцэх юм.

Дэлхийн шуудангийн салбар хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс манай улсын хувьд ч мөн адил дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Улаанбаатараас хотоос 1500 км явж шуудан хүргэж өгөх нь өртөг өндөр. Тиймээс бид зөвхөн Монгол Улсынхаа зах зээлд төвлөрөхгүйгээр бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хэрхэн холбогдох вэ гэдэг нь чухал. Ингэснээр зах зээлээ Монгол Улсаар хязгаарлагдахгүйгээр тэлэх боломж бүрдэнэ”гэлээ.
“Хиймэл оюун ухааны тусламжтайгаар сервисээ хөгжүүлж байна”
Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн эхний өдрийн хурлаар олон чухал асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр тус хуралд оролцож буй гишүүн орнуудын төлөөлөгчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Австралийн шуудангийн гадаад харилцааны албаны дарга Bhavana Patel “Хэрхэн шуудангийн системийг сайжруулах вэ, хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр ажиллах вэ гэдэгт голчилж ярилцаж байна. Манай улсын хувьд Засгийн газартайгаа хамтарч байгаль орчинд илүү ээлтэй шуудангийн сервисийг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа. Жишээлбэл, жолоочид цахилгаан машинаар үйлчилгээгээ хүргэж байна.

Бидний хувьд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж чухал. Үйлчлүүлэгчтэйгээ шуудангийн салбарын үйлчилгээ авахад ямар асуудал тулгамдаж байна, юун дээр анхаарах хэрэгтэй талаар ярилцдаг. Тиймээс эхлээд хэрэглэгчээ сайн ойлгох хэрэгтэй. Мөн хэрэглэгч ачаа нь хаана явж байгааг харах шуудангийн системийг нэвтрүүлсэн.
Манай улсын шуудангийн хэрэглэгчдийн ихэнх нь салбар дээр очиж үйлчлүүлдэг. Харин бизнес эрхлэгчдийн хувьд онлайн сервис ашигладаг. Үүний онцлох сервис нь тухайн хэрэглэгч сайт руу ороод урьдчилж мэдээллээ оруулаад, дараа нь салбар дээр очиж мэдээллийнхээ дагуу ачаагаа явуулах боломжтой. Энэ нь үйлчилгээг илүү хурдан, шуурхай болгож байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд шуудангийн сервисийг хэрхэн сайжруулах вэ, орчин үетэй хөл нийлүүлэх вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна” гэлээ.

Францын шуудангийн олон улсын харилцаа болон Европын шуудангийн харилцааны захирал Elisabeth Massonet “Манай улсын шуудангийн салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Хамгийн их анхаарах асуудал нь нийгмийн хурдацтай хөгжлийг дагаад шуудангийн салбар ч гэсэн хувьсан өөрчлөгдөж байна. Үүний нэг жишээ нь онлайн дэлгүүрүүд. Тиймээс хэрэглэгчдийн бидэнд тавьж буй шаардлагад нийцүүлэн ажиллах шаардлага үүсэж байна. Тиймээс манай улсын хувьд шуудангийн салбараа дижитал салбар руу илүү тэлж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар сервисээ хөгжүүлж байна.
Мэдээж шуудангийн салбарт ажиллах боловсон хүчин чухал. Манай улсын хувьд гадны компаниудтай хамтарч ажилладаг. Шуудангийн сервисээс гадна өөр компанитай хамтарч маркетинг нийлүүлэх байдлаар дутуугаа нөхдөг” гэсэн юм.
Ийнхүү манай улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн уулзалтын үр дүнд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргахаар төлөвлөж буй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)