“Зууны мэдээ” сонины 2025 оны эхний хагас жилийн Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлийн уралдаанаа дүгнэж, шилдэг бүтээлээр “Эдийн засгийн  мэдээллийн алба”-ны сэтгүүлч Ц.Мягмарбаярын бичсэн “Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя” цуврал нийтлэл шалгарлаа.

“Зууны мэдээ” сонин 2024 оноос эхлэн Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжилсан 36 бүтээлийг  уншигчдадаа хүргэж  иржээ. Эдгээр бүтээлүүд нь  асуудал дэвшүүлээд зогсохгүй төр засгийн шийдвэр  гаргуулах  хүртэл нөлөө үзүүлж, бодит үр дүнд хүрчээ.

2025 оны эхний хагас жилийн нийтийн эрх ашгийн төлөөх шилдэг бүтээл тодруулах уралдаанд  нийтийн эрх ашгийг хамгаалсан, баримт нотолгоонд тулгуурласан, нийгэмд нөлөөлсөн нийт 12 бүтээл өрсөлдсөн юм. 

Шилдэг бүтээлээр шалгарсан ”Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя” цуврал нийтлэлийн гол агуулга нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээр байгальд ээлтэй технологийг хэрэглэж хэвших тухай юм.  

Шарил бүрийн дээр мод тарих тухай хөндөж буйн цаана маш олон асуудал шийдэгдэж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, Монгол Улс Оршуулгын тухай бие даасан хуультай болох зайлшгүй нөхцөл үүссэн.

Түүнчлэн байгалийн хязгаарлагдмал нөөц болсон газар, гантиг чулуу, авсны мод зэргийг хэмнэх, чандарлах үйл явцыг улам боловсронгуй болгох, уламжлалт зан үйлийг орчин үеийн шийдэлтэй уялдуулах, бурхан болоочдын хөшөөний мэдээллийг үндэслэн нас барагсдын дата мэдээллийн санг үүсгэх гэх мэт олон асуудлыг хөндөж байна.

Дэлхий нийтээрээ оршуулгын зан үйлийг байгальд ээлтэй технологиор шийдэг болсон энэ үед Монгол Улс мөн энэ жишиг рүү чиглэх шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улсын нийслэл, аймаг, 330 суманд нийт 1170 цэгт оршуулгын газар нийтдээ 15.525.8 га газрыг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд жилд 36.8 га газрыг бурхан болоочдоо зориулж байгаа юм. Энэ нь дөрвөн Бага тойргийн газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар гэсэн үг.

Тиймээс оршоосон шарил бүрийн дээр бурхан болоочийнхоо буянд зориулж мод таръя гэсэн уриалгыг энэ нийтлэлээрээ дэвшүүлсэн. Энэ нь тэрбум мод үндэсний хөтөлбөрт том хувь нэмэр оруулна.

Энэ нийтлэлийн мөрөөр Чингэлтэй дүүрэгт байрлах Далан давхрын оршуулгын газрыг бүхэлд нь цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг гаргасан нь бидний эрэн сурвалжилсан бүтээлийн үр дүн гэж үзэж байна.

Сэтгүүлч Ц.Мягмарбаяр өнгөрсөн жил “Сэлбэ,Дунд голын 10 км үргэлжлэх бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална” нийтлэлээрээ 2024 оны эхний хагас жилийн шилдэг болж байсан бол сэтгүүлч Х.Мөнхжаргал, Б.Баяржавхлан нар “Түмний хүүхдийн эрх түрээсийн байранд зөрчигдөж байна” нийтлэлээрээ 2024 оны сүүлийн хагас жилийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

Та бүхэн 2025 оны эхний хагас жилийн шилдгээр шалгарсан нийтлэлийг уншихыг хүсвэл “Зууны мэдээ” сониныг цаасан хэлбэрээр захиалан уншаарай. Мөн Zuuniimedee.mn сайтаар орж цахимаар захиалах боломжтой.

 

Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя-2 

Design by zuuniimedee newspaper