Т.САЙХАН
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /06.30/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны зургадугаар сарын 26-нд иргэн автомашин дээрээ гарч, бие засч байгаа ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа, бусдын биед халдаж байгаа бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас эдгээр асуудлыг тухайн өдөр нь бүртгэж, харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн бодит ажиллагааг давхар хийнэ. Дээрээс нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хэргийн сэдэл санаа, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Тухайн этгээдийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Өнөөдрөөс холбогдох үндэслэлд тулгуурлан прокурорын байгууллагад үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлэн ажиллаж байна. Хохирогч залуу эмнэлгийн тусламж авч, хэвтэн эмчлүүлж байна гэх мэдээлэл байна. Тэр хүн тамирчин, цол зэрэгтэй этгээд байлаа гээд хуулийг өөрөөр хэрэглэх боломжгүй. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд холбогдуулан шалгалтын ажлыг явуулж, шийтгэлийг ногдуулна. Тэр хүн автомашин дээрээ гарч бие зассан үйлдлийг хүн зодсон хэргээс тусгаарлаж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 зүйлд зааснаар "Олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж, танхайрсан" гэдэг заалтаар хариуцлага хүлээлгэхээр шалгана. Цагдаагийн байгууллагаас хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор тал бүрээс нь шалгаж байна. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хороо "GEM mаll" худалдааны төвд 2025 оны зургадугаар сарын 26-нд 23.00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэрээ хөнөөсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хэргийг гэр бүлийн хамааралтай этгээд үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдогчийг яллагдагчаар татаж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn