Д.АРИУН
ОХУ-ын Якутын /Саха/ нисэх буудлын өмнө жижигхэн туранхай охин руу өлийн харж байгаа бяцхан гөлөгний хөшөө босоод хэдэн жил болжээ. Нисэх буудалд энэ хөшөө босох болсон нь гурван настай Карина Чикитова охин, хөршийнхөө бяцхан эрлийз гөлөгтэй хамт Якутын тайгад 12 хоног алга болсны дараа амьд олдсон ер бусын түүхтэй холбоотой. Энэхүү түүхийн талаар www.rg.ru, kp.ru, woman.ru зэрэг нээлттэй эх сурвалжийн мэдээллийг ашиглан бэлтгэлээ.

Якутын Олекминский дүүргийн Оломе тосгон бол эргэн тойронд нь зах хязгааргүй тайга үргэлжилсэн газар орших жижигхэн тосгон. 2014 онд Карина Чикитова охиныг эндээс алга болох үед хэвлэлд бичиж байсан мэдээллээр бол орон сууцны гурван барилга, хэдэн хэдэн хаягдсан эзгүй байшинтай байсан эл газрын байнгын оршин суугчийн тоо найм байсан ажээ.
Алс бөглүү энэ жижигхэн газрын байнгын найман оршин суугчийн дунд Каринагийн элэнц эмээ, өвөө нар байв. Тиймээс охин ээжтэйгээ энэ тосгонд ирсэн байж. Охин алга болсныг гэрийнхэн нь гурав хоногийн дараа мэдсэн гэдэг. Учир нь аав нь ирж охиноо авч явсан гэж бодож байжээ. Тиймээс л түүнийг алга болсон эхний гурван өдөр хэн ч хайгаагүй байна. Энэ талаар охины ээж Талина Чикитова RG.ru-д өгсөн ярилцлагадаа “Долоодугаар сарын 29-нд /2014/ би хадлангийн талбайд ажиллаж байсан. Талбайгаас буцаж ирээд нөхөр маань манайхаар ирж охиныг маань дагуулаад явсан гэдгийг мэдсэн. Эмээ Каринаг авч явахыг яг хараагүй. Учир нь тэр охиныг явахад нь унтаж байсан. Гэхдээ охин аавтайгаа хамт байгаа гэдэгт бид итгэлтэй байсан” хэмээн ярьсан байдаг.
Тухайн үеийн нөхцөл байдал охиныг хаана байгааг шууд шалгах боломжгүй байжээ. Алс бөглүү энэ газрыг гадаад ертөнцтэй холбож байсан утас ажиллахгүй. Охины аав тосгоноос 80 км-ын зайд орших Киаччи сууринд байжээ. Ингээд наймдугаар сарын 2-нд охины аавтай холбоо барьж, охин түүнтэй хамт яваагүйг мэдсэн байна. Тайгад гарсан түймэр унтраах ажилд дайчлагдсан аав нь охиныг авч яваагүй гэдгээ хэлжээ.

ОХИН ХААНА БАЙНА? АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЛЭЭ.
Бүс нутгийн төв Олекминск хот руу мэдээлэл хүргэсэн ч замын бэрхшээлээс болж шууд машин явах боломжгүй тул маргааш нь нисдэг тэрэгтэй аврагчид иржээ. Тосгоны цөөн оршин суугчид аврагчид ирэхийг хүлээлгүй тэр даруй охиныг хайж эхэлжээ. Ойн түймэр унтраах ажлаас чөлөөлөгдсөн эрчүүд ч зэргэлдээх суурингаас ирж талбай, ойг самнан эрж хайх ажилд оролцож эхэлсэн ч, хүн хүч үнэхээр хүрэхгүй байв. Аврах албаны мэргэжлийн хүмүүс охин алга болсноос хойш дөрөв дэх өдөр дээр л газар дээр нь очиж чаджээ. Энэ багт ажиллаж байсан аврагч Альберт Семенов “Охиныг олох боломж эхэндээ бага байсан, өдөр өнгөрөх тусам улам бүр найдваргүй болж байсан” гэж тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнэсэн байдаг.
Энэ хооронд ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны бүс нутгийн мөрдөн байцаах хэлтэс охиныг хөнөөсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ нь нутгийн оршин суугчдад таалагдаагүй ч, хуулийн байгууллага үүссэн нөхцөл байдалд зохих журмын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн нь энэ. Ингэснээр шуурхай мөрдөн байцаах хэсэг, цагдаагийн тусгай анги /ОМОН/-ийн баг Оломе тосгонд ирж, зэвсэглэсэн цагдаа нар баавгай зэрэг зэрлэг амьтан элбэгтэй ой тайгыг самнан эрж хайх ажиллагаанд оролцож эхэлжээ.
Карина охиныг эрж хайж байсан багийнхан эхэндээ охиныг таван сартай эрлийз гөлөг Найдатай хамт алга болсныг мэдээгүй байна. Харин хэн нэгэн нь охинтой үргэлж хамт явж байдаг бяцхан гөлөг бас байхгүй байгааг санажээ. Ингэснээр эрлийнхэн хүүхдийн мөрийг төдийгүй нохойн мөрийг хайж байсан. Нэгэн өдөр ойд нохой хуцах чимээ сонсогдоход нисгэгчгүй онгоцоор зураг авсан боловч камерт жижиг гөлөг биш, хоёр том нохойн дүрс гарч иржээ.
Охин алга болсноос хойш арваннэг дэх өдөр буюу наймдугаар сарын 8-нд бяцхан гөлөг Найда Оломедоо буцаж иржээ. Өлсөж, ядарсан жижигхэн гөлөг тэр их тайгын чухам хаанаас ирсэнийг хэн ч хараагүй байлаа. Эрэлч үнэрч нохдын тусламжтайгаар Найдагийн ирсэн замыг олох гэсэн оролдлого ч талаар болж, охин нохойтойгоо хамт яваа гэсэн бяцхан итгэл найдвар алга болж, наймдугаар сард тайгад шөнөдөө хүйтэн бороо орж байгаа энэ нөхцөлд охиныг амьд үлдэнэ гэдэгт найдах боломжгүй болж иржээ.
Гэтэл найдвар тасрах болоогүй байжээ. Оройхон эрэлчид тайгын голын эргээс хүүхдийн хөлийн мөр олжээ. Түүний хажууд нь гөлөгний ул мөр тод үлдсэн байв. Энэ нь амжилтад хүрэх итгэлийг дахин төрүүлжээ. Бүгд найрамдах улсын аврах албаны сэтгэл зүйч Екатерина Алексеева “Залуус аа, бид маргааш Каринаг олох болно” гэж итгэлтэйгээр хэлж RG-ийн сурвалжлагчид “Ийм нөхцөлд бүх мэдрэхүй нэмэгддэг. Зургаа дахь мэдрэхүйг оролцуулаад шүү дээ” гэж өөрийн таамаглалаа тайлбарласан байдаг.
Наймдугаар сарын 9-ний өглөө бүгд буюу 60 гаруй цагдаа, аврагчид, сайн дурынхан мөр олдсон газрыг самнахаар явсан байна.
"Аж ахуйгаас зургаан километрийн зайд би намгархаг нуга дундуур алхах хэрэгтэй болсон. Өндөр ургасан газрын хажуугаар өнгөрч байтал ямар нэг зүйл намайг эргэж харахад хүргэсэн. Тэгээд би тэр даруй охиныг харав. Тэр өтгөн өвсөн дунд сууж байсан. Гайхсандаа "Би цогцос оллоо!" гэж хашгирсан гэж гэж Киаччи тосгоны оршин суугч Артем Борисов ярьсан байдаг. Бүгд тийш гүйлдсэн бөгөөд нимгэн подвольк, уранхай трикотой жижигхэн охин хөдөлж ярьж, ус ууж идэх юм гуйжээ. Охиныг олсон нөхцөл байдлыг туршлагатай аврагчид ч нулимс унагахгүй өнгөрөх аргагүй байсан гэж тухайн үед эрж хайх ажиллагаанд оролцогчид хожим дурссан байдаг.

Тайгад төөрөөд 12 хоногийн дараа охин эсэн мэнд олдсоныг “гайхамшиг” гэж оросын хэвлэлүүд бичиж байжээ. Энэ гайхамшиг дунд бяцхан гөлөг чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг аврагчид хүртэл хүлээн зөвшөөрдөг. Эцсийн эцэст бяцхан нохой л хүмүүс рүү эргэн ирж, хаагуур эрж хайх талаар замын зураглалтай болгож, тариалангийн талбайг бүхэлд нь самнахад хүргэсэн. Тэгээд тайгад 12 хоносон бяцхан охиныг эсэн мэнд олсон. Үүнээс илүү ямар гайхамшиг байх билээ дээ.
Охин эмчлүүлж, улмаар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Альбина Черепанова гэдэг эмэгтэйн тусламжтайгаар бүс нутгийн төв руу нүүж улмаар балетаар хичээллэжээ.
Якутын бяцхан охин одоо хүсэл мөрөөдөл дүүрэн үзэсгэлэн гоо болсон. Гэхдээ тэр балетчин биш эмч болох мөрөөдөлтэй болсон.

Зураг авалтаас үргэлж татгалзаж, даруухан амьдарч ирсэн Карина 2024 ОХУ-ын телевизийн нэгдүгээр сувгийн нэвтрүүлэгт ээж, элэнц эмээ нарынхаа хамт оролцжээ. Тайгын охин өөрийнхөө түүхийг төдийлөн сайн санадаггүй, харин томчуудын яриа болон бусад зүйлээс илүү тодорхой мэдэж авсан гэж ярьсан байдаг.
Карина охин, бяцхан нохой Найда хоёрын түүх олон уран бүтээл болжээ. Гайхамшигтайгаар аврагдсанаас жилийн дараа Виктория Габышевагийн "Карина. Тайга дахь 12 хоног" ном гарчээ. Энэ номд Чикитова болон түүний эрэл хайгуулын тухай дэлгэрэнгүй өгүүлдэг байна.
Энэхүү гайхалтай түүх нь уран бүтээлч Николай Чучасовт Карина, Найда хоёрын түүхэнд зориулсан "Охин ба нохой" нэртэй баримлыг бүтээх сэдэл өгч, тэрээр бүтээлээ Якутскийн нисэх онгоцны буудлын өмнөх талбайд суурилуулжээ. Хөшөөний хажууд энэ түүхийн тухай өгүүлсэн самбар байдаг аж.
Чикитоваг аварсан гайхамшигт түүхийг өгүүлэх "Карина" уран сайхны кино 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд Оросын кино театруудад гарчээ. Найруулагч Марианна Сиаганы энэ бүтээлийн гол дүрд таван настай София Прибылых тоглосон байна. Дүрийн сонголтыг 328 хүүхдийн дундаас хийсэн гэж kp.ru-д бичжээ. Бас өөрийнхөө дүрд тоглосон бяцхан охинтой Карина Чикитова уулзсан байна.
Эцэст нь нохой яасан бэ гэдэг асуулт гарна. Карина, Найда хоёр бие биенээ дахин хараагүй. Бүс нутгийн төв рүү нүүхдээ Чикитовынхан түүнийг дагуулж явж чадаагүй юм. Учир нь гөлөг тэднийх биш, хөршийнх нь байсан.
Нутгийн иргэд KP-Красноярск-ийн сурвалжлагчтай ярилцахдаа "Нохой Оломед байсан" гээд “Тэр анч нохой байсан. Тэр агнахаар явсан. Одоо тэр алга болсон. Харамсалтай нь ийм нохой удаан амьдардаггүй...” гэж ярьсан байдаг.
Сахиусан тэнгэрүүд заримдаа далавчны оронд сэвсгэр үс, сагсгар сүүлтэй ирдэг гэдэг дэмий ч нэг үг биш бололтой.
Эх сурвалж: zms.mn
“Зууны мэдээ” сонины “Дөрвөн хөлтэй анд” буланд өөрсдийн дөрвөн хөлтэй найзуудынхаа тухай зураг, мэдээлэл түүхээ хуваалцахыг хүсвэл zuuniimedee@gmail.com /Facebook: zuunii medee, Instagram: zuunii_medee/ хаягаар ирүүлээрэй.