Ц.БАЯР

Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол төв" ТББ -аас Боловсролын яамтай хамтран "Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл"-ийг эхлүүлээд таван жил болж байна. Гэтэл саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд гэнэтхэн л Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага гаргахдаа тус төвөөс хэрэгжүүлж буй уг төсөлд зарцуулагдах 1.2 тэрбум төгрөгийг “сайдын албан тушаалаа ашиглаж зувчуулсан” гэх мэтээр шүүмжилсэн юм. Төсөлд 120 сургууль хамрагдаж буй. Ингээд бодохоор нэг сургуульд 10  сая төгрөг л  ногдож байгаа юм байна.  “Бүтэн жилийн турш тасралтгүйгээр хэрэгждэг учраас үйл ажиллагаанынхаа өртгийг ч нөхөхөд энэ мөнгө хүрэлцэхгүй шахуу байдаг” хэмээн төслийн багш нар онцлон ярьсныг энэ дашрамд тодотгоё.  1.2 тэрбум төгрөгийн тухайд 120 сургуулийн менежмэнтийг сайжруулахад зарцуулагдаж байгаа юм байна.

"Шинэ Монгол" сургуулийн 20 жилийн турш бий болгож нутагшууулсан 10 б брэндийн дөрвийг нь төрийн өмчит сургуулиудад олгохоор 36 долоо хоногийн сургалтад хамруулдаг байна.

Төслийн багийнхан өчигдөр төсөл хэрэгжүүлдэг сургуулиудынхаа захирал, менежерүүдтэй  цахим хурал хийсэн юм. Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын удирдлагуудад “Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр гарав. Нэг сургуульд арван сая төгрөг өглөө гэж улстөржих нь хэр үндэслэлтэй шүүмжлэл вэ” гэсэн асуулт тавьж хариу авлаа.

 

120 сургуульд 1.2 тэрбум төгрөг юунд зарцуулагдав?

 

Г.ИХБАЯР:УЛСЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД АЗ ЖАРГАЛТАЙ, АМЖИЛТТАЙ БАЙХАД ЯАГААД ДУРГҮЙЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ

/Дархан-Уул аймгийн Орхон сумын ЕБС-ийн захирал/

 

 

10 сая төгрөгийн тухай яригдаж байна. Сургууль болгон багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх зардалтай байдаг. Сургуулиуд сургуулийн менежментийн төсөл рүү энэ жишгээр зардлаа төлөөд орсон байх гэж ойлгож байгаа. Ний нуугүй хэлэхэд нэг лектор авчраад сурагчдадаа нэг цагийн лекц уншуулахад доод тал нь 2 сая төгргийн үнэ ханштай байдаг шүү дээ. Гэтэл 10 сая төгрөгийг хэдэн тэрбум аятай яриад байх юм. Сургуулийн менежментийн төслийг цогцоор нь хийж өгнө гэдэг чинь үнэлж баршгүй  сайн үйл.

Хүүхэд хөгжүүлэх, багш хөгжүүлэх чиглэлээр тус тусад нь  дор хаяж 10, 10 сая төгрөгөөр үнэлэгдэхүйц хэмжээний ажлыг 10 сая төгрөгөөр сургуулийн хэмжээнд бүтэн жилийн хугацаанд тасралтгүй явуулсан гэж би хувьдаа харж байгаа. Үнэхээр үр өндөр дүнтэй ажил. Төслийн үйл ажиллагааг улс төржүүлээд байхаар багш хүний хувьд эмзэглэж, арай ч дээ гэж бодож сууна. Сэтгүүлчид та бүхэн сургууль дээр очиж, багш, сурагч, ээж, аавуудтай уулзаж ярилцаад үз. Бага зардлаар сургуулийнхаа үйл ажиллагааг өөрчлөх хүсэл олон сургуульд байна. Хувийн сургуулиас дутахгүй амжилттай сурч,  төгсдөг аз жаргалтай  орчинг сурагчдадаа бүрдүүлж өгөхийг  хүсдэг маш олон сургууль бий. Энэ төслийн арван саяыг улс төржүүлээд байгаа УИХ-ын гишүүд рүү, болж өгвөл хувь хаяг руу нь бидний хэлсэн ярьсныг дамжуулаад өгөөрэй.

Мэдээж улстөрч бүрийн ард сонгогчид бий. Аймгийнхаа Боловсролын газраас  мэдээллээ авчихаад дараа нь улс төржвөл яадаг юм бэ. Төслийн тухайд үнэхээр сайн төсөл.

 

Д.СУВД-ЭРДЭНЭ: ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БУЙ ТӨСЛИЙНХӨНДӨӨ БАЯРЛАЛАА

/Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн сургалтын менежер/

 

Энэ төсөл ганц яваад дуусчих зүйл биш. Насан туршид үлдэх үнэт зүйл. Төслийг хэрэгжүүлсэн арга зүй нь их нарийн. 7 хоног бүр хичээл орж, даалгавар өгнө.  Эргээд даалгавраа  шалгаж, холбогдоно. Сургууль бүр дээр томилолтоор очиж, зөвлөн тусалдаг байсан. Сургуулийн захирал, багш, нийгмийн ажилтан, багийн ахлагч, анги удирдсан багш нарын сургалтаас гадна тайлан төслийн үйл ажиллагаа явагдсан. Энэ хөтөлбөрийн ард маш нарийн  төлөвлөсөн олон үйл ажиллагаа бий. Хүний тархи толгойд  үлдсэн зүйлийг мөнгөөр хэмжих боломжгүйтэй адил зүйл. Гэтэл 10  сая төгрөг л яриад байгаад гайхаж байна. Оюуны хөрөнгө оруулалтыг 10 сая төгрөгөөр хэмждэг хэрэг үү. Боломжгүй шүү дээ. Боломж, ахиц дэвшлийг ирээдүй болсон хүүхэд, тэднийг сургаж буй багш нарт олгосон хөслийг хамт олонд баярлалаа. Төслөө ахин дахин хэрэгжүүлээрэй. Битгий няцаарай. Энэ бол Монголд оруулж буй оюуны  том хөрөнгө оруулалт шүү.

 

Д.ЦЭНДСҮРЭН: 20 ЖИЛИЙН НОУ ХАУГ 10 САЯАР ҮНЭЛЭХ НЬ МӨЛЖЛӨГ  

/Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Од цогцолборын сургалтын  менежер/

 

Сургалтын менежер хүнд төсөв захиран зарцуулах эрх байхгүй. Харин төсвийг үр ашигтай захиран зарцуулах боломжтойг харж, талархсан жирийн нэг багш хүн байна. Өнөөдөр та 10 сая төгрөгөөр  юу худалдаж авч болох вэ гэж бодож үзэв үү. Гэр цэвэрлэдэг тоос сорогч, махаа хийдэг хөргөгч 10 сая төгрөг байгаа. Манай сургууль 110 кабинеттай. Нэг кабинетад авах ухаалаг самбар 10 саяас илүү өртөгтэй байна.  10 сая төгрөг тийм их мөнгө үү. Энийг их мөнгө гэж харуулахыг хичээж байгаа хүмүүс бийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ төсөл нэг хүн бус нэжгээд багш, сурагчдын 20 шахам  жилийн бүтээсэн ноу хау буюу  ажлын туршлага, оюуны бүтээл. 20 жилийн ноу хауг 10 саяар үнэлэх нь мөлжлөг.   

Магадгүй  10 сая гэдэг Ерөнхий сайд, яамны  сайдын сарын цалингаас бага байж магадгүй. Гэхдээ энэ багахан мөнгөөр хэрэгжиж буй төслийн үр шим Монголын өнцөг булан бүрд байгаа айл  бүрд хүрч байгаа. Манай сургууль 4096 сурагчтай. Нэг айлаас хоёр хүүхэд суралцдаг гэж бодвол бид 3 мянган айл өрх, тухайн өрхийн 4100 хүүхдэд  хүрсэн том төсөл. Мөнгөөр хэмжигддэггүй зүйл байдаг юм. Бүгдийг нь үнэлэх ч бас хэцүү.  Магадгүй төслийн хамт олон хөдөлмөрөө хамгийн багаар үнэлсэн байх.  120 сургуульд төслөө хэрэгжүүлэхэд  1,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн хэмээн яригдаж байна.

Мөнгөтэй холбож харлуулахаасаа өмнө энэ төсөл  хэдэн хүнд үр шимээ өгч, хэн гэдэг хүний  аль сургуулийн хэн гэдэг багш нарын хамтын бүтээл болохыг сонирхож үз. Шинэ Монгол сургуульд хүүхдээ сургах боломж олгоё гэвэл хэн ч нойргүй  хоноод өглөө нь хүүхдээ аваад л гүйнэ. Тийм л нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болох нь орон нутагт ч мэдрэгддэг. Гэхдээ  “Шинэ Монгол” сургуулд сурах хүүхдийн тоо хэмжээтэй. Хүссэн бүхнийг сургаад элсүүлээд байх боломж, багтаамж үгүй. “Шинэ Монгол” сургуулийн хүүхдэд зааж, хүүхдийг төлөвшүүлж байгаа туршлагыг  Монголын өнцөг булан бүрд байгаа 705 сургуульд хүргэе гэхээр юу нь болохгүй байгаа юм бэ.  Битгий 10 сая төгрөг дээр төвлөрөөрэй. Энэ төслийн үр шимтэй харьцуулахад дэндүү жижиг асуудал шүү.

 

Н.АНХБАЯР:ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХАМТ ОЛНЫГ БААЛАХ НЬ БҮҮ ХЭЛ  САЙШААН УРАМШУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

/Улаанбаатар хот, Багануур дүүргийн 160 дугаар сургуулийн захирал/

 

Монголын боловсролын байгууллагуудыг сайжруулахад 10 сая  байтугай хэдэн тэрбум төгрөг гаргасан ч яадаг юм бэ. 10 сая төгрөг яриад гүйгээд байгаа УИХ-ын гишүүдийг үнэндээ л ойлгохгүй байна. Төр засгийн хэмжээнд боловсролын чанарыг сайжруулъя гэж уриалчихаад боловсролыг  шинэ шатанд гаргаж, шинэчлэл хийхээр зүтгэж байгаа хүмүүсээ буруутгаад байгааг ойлгохгүй юм.

Төслийг хэрэгжүүлж байгаа хамт олныг баалах нь бүү хэл эсрэгээрэ сайшаан урамшуулах нь зүйтэй. Боловсролын шинэчлэлд хувь нэмэр оруулж, сургуулийн менежментийг сайжруулах ажлыг эхлүүлж, гарын авлага ном хүртэл хэвлүүлж тараасан. Зардал мөнгө гарсан л байж таарна. Мэдээж төр захиргааны байгууллага, Боловсролын яам ч дэмжлэгтэй оролцсон байх. Төсөлд хамрагдсан сургуулиудын захирлуудын  хэлж байгаачлан  10 сая төгрөгтэй хөөцөлдөж байхаар  боловсролын шинэчлэл хийж ирээдүйг эзэгнэх хүүхдүүдийнхээ хойч үеийнхнийхээ боловсролд хөрөнгө оруулалт хийж байна гэж хараасай.

 

Д. АРИУНАА:ҮЕИЙН СИСТЕМИЙН АЧААР АЛИВААГ ТОМООР ХАРЖ СУРСАН

/Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн захирал/

 

 Би боловсролын байгууллагад 30-аад жил ажилласнаас 20-оод жилд удирдах түвшинд ажилласан хүн. Өмнө нь хамрагдаж байсан сургуулийн меенежментийг сайжруулах чиглэлийн сургалт хөтөлбөрүүдтэй харьцуулахад тасралтгүй бүтэн жилийн турш явагдсан нь онцлог байлаа.

Долоо хоног бүр удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ сургалтад сууж, чиглэл авч, “Шинэ Монгол”  сургуулийнхаа хамаг ноу хауг бүгдийг нь бидэнд дэлгэдэг. Хэн самбаатай хариуцлага, сахилга баттай нь сургуульдаа хэрэгүүлүлж, өөрийн болгож, хөрсөндөө  буулгаж авч чадсан эсэх нь төсөлд  оролцож байгаа сургуулиудын асуудал байх. Манай  сургуулийн хувьд энэ төслийг талархан хүлээж авсан. Манай сургуулийн бодлого чиглэлд хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажил үргэлж нэгдүгээрт байдаг. Тэр утгаараа манай үйл ажиллагаатай төслийн агуулга чиглэл бодлого сайн уялдсан.

Би багш, удирдах ажилтны хувьд хүүхэд ЭЕШ-д 800 оноо авахаас илүү хүн болох нь чухал гэж үздэг. Тэр утгаараа энэ төсөл хүүхдэд наалдацтай, багш нарт үр өгөөжтэй байсан. Ялангуяа удирдлагын  багт маш зөв ойлголт чиглэлийг өгсөн. Сошиал ертөнцөд элдэв юм ярьж л байг тоох хэрэггүй. Гутрах хэрэггүй ирэх жилүүдэд  илүү олон сургуулиудад хэрэгжүүлээрэй. Төслийн өөр нэг онцлог нь  үеийн систем. Манайхан чинь жижиг,  цөөн хүн амтай улс. Дотроо аймаг, сум, баг, холбоо болоод жижгэрчихдэг. Сонгууль болохоор  бүр жижигрээд бие биенээ үзэн ядаад явчихдаг. Багш нар ч манай анги л гээд байдаг. Зүй нь  манай сургууль, манай Монгол Улсын хүүхэд гэж харах хэрэгтэй. Амин сүнс нь энэ. Үеийн  систем гэдэг бүх 12 дугаар ангийн багш нар нь анги ангидаа биш нийт 12 дугаар ангидаа л үйлчлэх ёстой. Тэр үеийн хүүхдүүдийн төлөө байх ёстой юм билээ. Эхлэл нь тавигдсан. Олон үе хариуцсан багийн ахлагч нар энэ ажлыг эхлүүлж чадсан. Цаашдаа унтраахгүйгээр  авч явбал тухайн сургуулиудад энэ чиглэлд ахиц гарна. Миний, манай анги гэсэн жижиг сэтгэхүйгээсээ салж чадна.

Төслөөс суралцсан бас нэг чухал зүйл нь аливаа ажлыг хийхдээ маш сайн бэлтгэх хэрэгтэйг ойлгууулсан. Би бэлтгэл ажлаа дутаа хаяад үйл аижллагаандаа анхаарчихдаг байсан юм билээ. Бэлтгэл, бэлтгэл бас бэлтгэл. Бэлтгэл ажлаа маш нарийн төлөвлөж, нягт нямбай  хийж байж үйл ажиллагаа сайхан болно.Бас хйисэн ажлын  үр дүнд юу болсон бэ гэдгээ тооцож сурсан. Товчхондоо багаар ажиллахыг маш сайн сургасан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин