М.ГАНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн А.Тлейхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед УИХ-ын ги­шүүдийн ирц хангалтгүй бай­на. Гишүүдийг “чанга­лах” гурван ч төсөл бэлэн бол­сон. Хурууны хээгээр бүрт­гүүлж санал өгдөг бо­лох, найман удаа ирц бүр­дүү­лээгүй бол тухайн бүл­гийг татан буулгах тухай төсөл бий. Та энэ тухайд ямар санал бодолтой бай­гаа вэ?

-УИХ-ын дэгийн ту­хай хуульд өөрчлөлт оруу­лах гурван төсөл явж бай­на. Нэгийг нь Ардчилсан намын голдуу гишүүд са­наа­чилсан. Тухайн нам, эвс­лийн бүлгийн гишүүд найман удаа 50 хувийн ирц бүрдүүлээгүй бол бү­лэг татан буугдана гэж тусгасан. Энэ тухай байн­гын хороогоор хэлэлцсэн.

Ардын намын гишүү­дийн санаачилсан нэг тө­сөл бий. Байнгын хо­рооны гишүүдийн тоог 15-21 болгохоор тусгасан. Уг нь 21 байсан ч шинэ УИХ бүрдээд 10-19 болгож цөөл­сөн. Өмнө нь нэг гишүүн хоёр байнгын хороонд ажилладаг байс­ныг гурав болгосон. Ард­чилсан намын гишүүд гурван байнгын хороонд, Ардын намынх нэг байн­гын хороонд ажиллаж байна. Гишүүд адилхан эрх үүрэгтэй байх ёстой. Гишүүдийг байнгын хороонд жигд ажиллуулах зорилгоор ийм төсөл санаачилсан. Гурав дахь хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар өөр хүний өмнөөс санал өгөхийг хориглосон заалт байдаг. Гэвч гишүүд хажуу та­лынхаа хүний өмнөөс са­нал өгдөг зохисгүй үйлдэл байгаа. Тиймээс С.Бямбацогт нарын ги­шүүдийн санаачилсан хуу­лийн төсөлд хурууны хээгээр санал өгөхөөр тус­гасан. Гишүүдийн ха­риуц­лагыг дээшлүүлж хү­ний өмнөөс санал өг­дөг­гүй болгох сайн талтай. Гэвч үүнийг хэлэлцүү­лэхгүй байгаа.

-Яагаад хэлэлцэхгүй байгаа юм бол?

-Шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Уг нь зөвхөн нэг санал өгдөг хатуу жу­рамтай болох юм. Харин гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй бол бүлгийг татан буулгах заалт Үндсэн хууль­тай харшилна. Тухайн нам, эвсэл тарсан бол бүлэг нь татан буугд­даг. Ирц хангаагүй бол бүлэг татан буугдах тухай Үндсэн хуульд заагаагүй. Төрийн ажлыг хэвийн явуулах үүднээс авч үзвэл зөв байх. Гэхдээ ингэж хүчээр тулгаж болохгүй.

-Ардын намын гишүүд нэг л байнгын хороонд ажиллаж байна уу эсвэл гурав болсон уу?

-Манайхаас нэг байн­гын хороонд гуравхан ги­шүүн орсон. Нэг гишүүн нэг байнгын хороонд л байна. Байнгын хорооны гишүүдийн тоог цөөлсөн учир орон тоо олдохгүй байна.  Сайдаар ажилла­даг гишүүд ганцхан байн­гын хороонд харъяалагд­даг болчихвол орон тоо гарах байх.

-Засгийн газрын бонд одоо ч улстөрчдийн дунд асуудал үүсгэсээр байгаа. Бондын үр дүн ашигтай байх ёстой гэсэн санал шүүмжлэл өрнөж байна. Ялангуяа төмөр зам, эрчим хүч, бүтээн байгуулалтын салбарт энэ тухай нэлээд ярьж байна?

-Бонд бол өрийн би­чиг. Ирээдүйд тавьж буй өр. Дэлхийд байдаг л зүйл. Чухал үед бонд гаргаж хөрөнгө босгоод томоохон бүтээн байгуулалтын ажил хийдэг жишиг бий. Өмнө нь дотооддоо голдуу бонд гаргадаг байсан. Шинэ Засгийн газар таван тэр­бум ам.долларын бонд гаргаж байна. Эхний 1.5 тэрбум ам.долларын бон­дыг гаргасан. Дунджаар бодоход хүү нь 4.7 хувь юм билээ. Хоногт 275 сая төгрөгийн хүү төлөх юм. Асар их мөнгө биз. Сард найман тэрбум гаруй, жилд 70 сая ам.доллар болж байна. Хагас жил тутамд 35 сая ам.доллар төлөх нь. Нэгэнт мөнгө авчихсан болохоор хурдан эргэлтэд оруулж ажлаа эхлэх ёстой.

-Заавал бонд гаргах шаардлага байсан уу?

-Бонд гаргаж хөрөнгө босгох нь зөв ч ашиглалт нь бодитой байх учиртай. Одоог хүртэл түүнийг юунд ашиглахыг шийдээ­гүй байна. Өдөрт 275 сая төгрөг урсаад л байдаг. Би хувьдаа бондыг гаргах цаг хугацаа нь буруу байсан гэж боддог. Төслөө бэлд­чихээд ажлаа эхлэх бо­ломжтой үед гаргасан бол зээлийн өр бага тусах бай­сан. Бид бүтээн байгуу­лалтын ажлаа хавраас нааш эхэлж чадахгүй. Мон­голын улирлын онц­лог ийм шүү дээ. Монгол үсрэнгүй хөгжих боломж бүрдсэн. Хамтарсан Зас­гийн газар өнгөрсөн дөр­вөн жилд үнэхээр их зүйл хийж чадсан. Эвтэй байх­даа хүчтэй байдгийг но­толсон. 20 жилд хийж ча­даагүй зүйлийг эхлүүлсэн. Эдийн засгийн хувь хоёр дахин өслөө. Одоо ч гэсэн хэл амаа ололцоод хамтарч ажиллах юм бол үүнээс ч илүүг хийх  боломж бий. Харамсалтай нь сүүлийн үед хэт улстөржиж, УИХ-ын гишүүд хэл амаа ололцож чадахгүй л байна. Монголын хөгжилд хоёр л зүйл чөдөр тушаа болно гэж би харж байгаа.

-Тэр нь юу вэ?

-Эхнийх нь төмөр зам. Манайх бүх бараагаа га­даадаас экспортолж бай­на. Тэгэхээр төмөр замын тээврийн асуудал маш чухал. Төмөр замын асууд­лыг яаралтай шийдэхгүй бол бүтээн байгуулалт өрнүүлэх бараа таваараа татаж ирэх асуудал гарна. Энэ тал дээр гацна. Хоёр дахь нь эрчим хүч. Монгол орон 1990 оноос хойш энэ салбарт шинэ эх үүсвэр байгуулж чадаагүй. Уг нь асар их боломж байлаа. Харамсалтай байна. Яриад л байдаг, даанч хий­сэнгүй. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Улаанбаатарт, том бүтээн байгуулалт өрнөж буй говийн бүсэд байгуулах ёстой. 2014 он гэхэд дотоодын нөөцөө шавхаж дуусна. Түүнээс наана хоёр шат дамжлагаар ажил­лах хэрэгтэй. Одоо байгаа станцуудаа өргөт­гөх замаар ойрын үед хэрэг­лэх эрчим хүчээ нэмэх ёстой. IV цахилгаан станцад 120, III станцад хамгийн багадаа 50, Эрдэнэт, Дарханд 50 мгвт нэмэх юм бол 200 гаруй мгвт-ын хүчин чадал нэмэгдэх боломж байна. Энэ байдлаар ажиллаад дараа нь Улаанбаатарт тав дахь эх үүсвэрийг барьж болно. Мөн Тавантолгой, Багануурт, баруун, зүүн бүсийн станцыг шинэчлэх хэрэгтэй. Эрчим хүчээ шинэчлэхгүйгээр хөгжиж чадахгүй. Үүнээс гадна тулгамдсан олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Ойрын үед зөвшилцөж, хэл ам хийхгүйгээр нэгд­сэн ойлголттой ажил­ламаар байна.

-Өнгөрсөн хоёр сон­гуулийн үр дүн цэгц­рээгүй, олон аймгийн шүүх дээр асуудалтай байна. Танай намын Увсаас сон­гогдсон хоёр гишүүнийг буцааж татах тухай хөндсөн. Цөөнхийн бүлэг ингээд цөөрөөд байх уу?

-Сонгууль хийдэг учир юу юм бэ. Ард түмний саналыг авах биз дээ. Ард түмний сонголт хаан байх ёстой. Гэтэл түүнийг шүүхээр өөрчилдөг буруу жишиг рүү явж байна. Сонгуулийн үр дүнг хэн ч өөрчилж болохгүй. Жижигхэн зүйлээр эрх баригчид түрий барьж өөрийн хүссэн шийдвэрээ гаргуулдаг буруу тактик явж байна. Энэ бол сайн зүйл биш. Нийгэмд асар их хортой. Шүүхээр шийддэг байсан бол сон­гууль хийх шаардлагагүй байсан. Увсын хоёрын тухай ярьж байна. Ард түмэн сонголтоо хийсэн, тухайн үед нь хэл ам болсон ч шалгаад дууссан, тангар­гаа өргөчихсөн.  Одоо яа­гаад араас нь хөөцөлдөөд байгааг ойлгохгүй юм. Энэ бүхний эцэст ард түмний итгэл алдрах вий.

-Энд, тэндгүй шүүх­дэж, ээжүүд өлсөж байна, эмч нар бас өлсөнө л гэнэ. Нийгэмд юу болоод байна вэ?

-Сонгуулиас хойш ний­гэм талцсан, нэг л түрэмгийлсэн, өширхсөн, дорд үзсэн байдалд л байна. Ард түмэн хэнийг ч олонх болгоогүй шүү дээ. Харин хамтарч ажиллах даалгавар өгсөн. Түүнийг нь биелүүлээд хамтарч ажиллах ёстой байхгүй юу. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар Ардын нам 46 суудал авсан ч дангаараа Засаг байгуулаагүй. Улстөржихөөрөө хөгжлөөс хоцордог, ард түмний амьдрал доройтдог гэдэгт дүгнэлт хийж хамтарч ажиллах ёстой гэж үзсэн. Тэгээд 25 суудалтай Ард­чилсан намтай хамтарч гурван жил гаруй сайн ажилласан, олон асуудал шийдсэн. Хамтран ажиллах, эвтэй байх нь үнэхээр үр дүн гардгийг бид өөрсдийнхөө туршлагаас харсан. Одоо ч гэсэн хамтарч ажиллаж хэл амаа ололцох ёстой. Дарангуйлаад,  түрэм­гийлээд л. Зөвшилцөл гэд­гийг мартчихаж. Юм л бол өширхөөд байвал сайн зүйлд хүргэхгүй. Гудам­жинд хашгирч орилохын оронд асуудлыг зөвшилц­лийн замаар шийдэх учир­тай. Анхандаа жаахан ааг­тай, бяр амтагдсан байж болно. Одоо тайван болсон биз дээ. Хөрсөн дээр бууж бие биенээ хүндэтгэх учиртай.

-Та хамтарч ажиллаж хэл амаа ололцож байж урагш ахих тухай ярилаа. Нэг угшилтай хоёр нам хамтарч ажиллахад хэн хэндээ ашигтай, салаад сайн зүйлд хүргээгүй тухай олон хүн ярьж буй. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?

-МАН ууган нэрээ сэр­гээж авснаас хойш зарим хүн хуучин нэрээ сэргээн нам байгуулж ажиллаж байна. МАН, МАХН бол нэг угшилтай нэг нам. Манай намын дүрэмд “МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн” гэж заасан байдаг. Тиймээс нэг угшилтай хоёр нам. Зарим хүмүү­сийн санал, бодлоос болж хоёр хуваагдаад явж байна. Би хувьдаа энэ хоёр намыг хамтарч ажиллах ёстой, үзэл бодол нь нэг учир хэл амаа ололцох ёстой гэж боддог. Хамтарч ажиллаад үзэл баримт­лалаа нийгэмд хэрэг­жүүлэх боломжтой.

-Баян-Өлгийгөөс сон­гогдсон гишүүний хувьд Асгатын мөнгөний ордын тухай асууя. Асгат одоо­гоор ямар байдалтай байна вэ. Хэзээ ашиглах юм бол?

-Асгатын мөнгөний орд стратегийн авч холбогдолтой 15 ордын нэг. Ногооннуур сумын нутагт, Орос, Монголын хил дээр байдаг. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон жил ярьсан. Ашиглалтын дөрвөн төрлийн лиценз нь Монгол, Оросын хам­тар­сан “Монголросцветмет” үйлдвэрийн мэдэлд байдаг. 20 гаруй жил лицензээ бариад юу ч хийгээгүй өндгөө дарсан тахиа шиг байна. Өнгөрсөн дөрвөн жил баахан асуудал тавиад үр дүнд хүрээгүй.  Асгатын голын зүүн талаар уулын карьераар зам засч тавь­бал Монголын талаас очиж болно. Оросын та­лаас хамааралгүй болгож Монголын талаас зам тавья, Засгийн газар ли­цензийг нь буцааж аваад олон улсын хөрөнгө оруу­лагчдын дунд тендер зарлаж болно. Асгатын мөнгөний ордын лицен­зийг Засгийн газар бу­цааж авах талаар өнгөрсөн дөрвөн жилд хүсэлт тавь­сан. Одоо ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа гэсэн. Ойрын үед эдийн засгийн эргэлтэд оруулж орон нутаг, улсын хөгжилд нэмэр болно гэж харж байна.

-УИХ-д казахуудыг төлөөлсөн хоёр гишүүн бий. Засгийн газарт нэг дэд сайд байна. Цөөнхийн төлөөлөл өнөөгийн төрд хангалттай орж чадсан уу?

-Монгол Улсад каза­хууд олон мянган жил суурьшиж ирсэн түүхтэй. Чингисийн үед ч байсан. Казах хүмүүс Монголын иргэн болсны 100 жилийн ой тохиолоо. Казах хүмүүс Богд хаанд хүсэлт гаргаж 1912 онд Монголын иргэн болж байсан түүхтэй. Дэлхийн 44 оронд амьдар­даг казахуудын холбоог Н.Назарбаев толгойлдог. Тус холбооны их хурал дээр хэл соёл, зан заншлаа авч үлдсэн нь Монголын казахууд гэж дүгнэсэн. Энэ бол маш том дүгнэлт бөгөөд Монголын үе үеийн төр засгийн үндэс­ний цөөнхийн талаар явуулсан зөв бодлогын үр дүн юм. Засгийн газарт хамгийн сүүлд 1996 онд Сандалхан Зам тээвэр, дэд бүтцийн сайд байсан. 22 жил Барилгын сайдаар  Тлейхан гэж хүн ажиллаж байсан. Казах сайдын алба 1996 оноор дуусгавар болсон гэх үү дээ. Одоо парламентад хоёр гишүүн байна. Хэдийгээр өөр нам ч гэлээ Баян-Өлгий болон улсын хөгжлийн төлөө А.Бакей гишүүнтэй хуу­лийн хүрээнд хамтран ажил­лана. Харин улс төрийн үзэл бодлын хувьд адилхан гэх боломжгүй. Хуулийн гадуурх зүйлийг нь шүүмжилнэ. Засгийн газарт нэг дэд сайд бий. Цаашид сайдтай болвол сайн хэрэг.

-Та хоёр дахь удаагаа парламентад сууж байна. Өлгийд ямар ажил хийв?

-Өнгөрсөн дөрвөн жилд ганцхан том зорилт тавьсан. Эрчим хүчний мэргэжилтэй хүний хувьд аймгаа цахилгаанжуулъя гэсэн. Манай аймгийн бүх сум гэрэлтэй болсон, ба­гийн 80 гаруй хувь нь цахилгаанд холбогдсон. Ирэх дөрвөн жилд бо­ловс­рол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын чиглэлд томоохон зорилт тавьсан. Манай аймаг ажилгүйдэл ихтэй. Иргэдээ ажилтай болгох талаар толгойгоо гашилгаж сууна.