П.АМГАЛАН

“Хархорум” олон улсын кино наадам хоёр дахь удаагаа зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.  Тус кино наадмын талаар зохион байгуулагчид  хэвлэлийн хурал хийлээ.

Хуралд наадмын ерөнхий шүүгчээр Оскарын шагналт, продюсер Marc Basche,  олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагч  Kristina Aschenbrennova, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд,  Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Онондож, “КГХХ” НҮТБ-ын үүсгэн байгуулагч Н.Цогтбаяр, кино урлагийн зөвлөлийн гишүүн  Н.Уранчимэг тэргүүтэй  хүмүүс оролцлоо.

Уг кино наадам нь  Монголын кино урлагийг олон улсын тавцанд  таниулах, уран бүтээлчдийн ур чадвар, кино бүтээлийн чанарыг дээшлүүлэх, кино урлагаар дамжуулан үндэсний эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд  “Кино Гүүр Хөгжлийн Холбоо” болон Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

 Энэ жилийн “Хархорум” олон улсын кино наадам нь Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог.  Тиймээс кино наадмын хүрээнд  Монголын кино урлагийн хөгжлийн асуудлыг өргөн сэдвийн хүрээнд  хөндсөн чухал үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар  төлөвлөөд байна.

Тодруулбал,  кино бүтээгчдэд зориулсан “Кино питчинг хэрхэн амжилттай бэлтгэх вэ” сэдэвт сургалт зургаадугаар сарын 28-ны өдөр,

“Монголын анимейшний хөгжлийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг зургаадугаар сарын 29-нд,

“Арилжааны киноны хөгжил: Боломж ба саад  бэрхшээл” хэлэлцүүлэг зургаадугаар сарын 29-нд,

“Монгол кино төслүүд” тусгай арга хэмжээ зургаадугаар сарын 30-ны өдөр болно.

Наадмын үзвэрүүд Шангри-Лагийн “Өргөө” кино театрт олон улсын шилдэг кино наадмуудаас шагнал хүртсэн, нэр дэвшсэн найман улсын 22 шилдэг кинонууд үзэгчдэд хүрэх бөгөөд уралдаант хэсэгт АНУ, Франц, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам, Монгол зэрэг  орны 13 уран бүтээл өрсөлдөх аж.

Тиймээс кино сонирхогч, үзэгч та бүхэн дэлхийн шилдэг бүтээлүүдийг  Шангри-Ла “Өргөө” кино театрын  4, 5 танхимд тодорхой хувийн хөнгөлөлттэйгөөр үзэх боломжтой.

Эх сурвалж:www.zms.mn