Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн асуудалд ямар байр суурьтай байгаа талаар /06.24/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Төрийн байгуулалтын байнгын хороогоор бид УИХ-ын тусгай хяналтын дэд хороо байгуулахаар ярьж байсан. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаанд УИХ тусгай хяналт хэрэгжүүлж, хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэгэн захиа даалгавар өгч, онилсон мөрдлөгө явуулж байгаа бол энэ эрүү шүүлж, хуулиас гадуурх өш хонзонгийн зүйл болж хувирна гэдгийг ярьж байсан. Энэ үйл явдлыг бататгаж байгаа юм шиг өнөөдрийн үйл явдал болж байна. Нэг үг хэлэхэд, аль ч Үндсэн хуульт, парламентын ардчилал бүхий улс оронд парламентын дээр мөрдөгчид гардаггүй юм. Хэн нэгэн улстөрчийн нөмөр нөөлөгт дураараа авирлаж болдоггүй юм. Парламент тэр байгууллагуудыг хуулийн хэмжээнд оруулж ирэх хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Парламент дархлаатай байх ёстой. Аль ч улс оронд парламентын дархлааг Засгийн газарт байгаа хамгийн хүчтэй хэрэгсэл мөрдөж, чагнаж, хорьдог энэ эрх мэдлээс айдасгүй үзэл бодлоо  илэрхийлдэг парламентын гишүүдийн тухай яриа байдаг. Өнөөдөр парламентын гишүүдийг дуугүй болгох гэж оролдож байгаа бол гэмт хэрэг. Төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашиглавал энэ бол гэмт хэрэг. Хуулийн байгууллагуудын нөөцийг хувийн зорилгодоо ашиглавал төрийн эсрэг гэмт хэрэг. Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой болохоос дарга нарын хувийн бодол байж болохгүй. Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой. Энэ ажлыг Ардчилсан нам манлайлж хийнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn