Ч.БЯМБАХАЖИД
Нийслэлийн Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж буйтай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, гол усны ослын эрсдэл нэмэгдэж байгаа талаар өчигдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр “Цаг агаарын хэт халалт, хуурайшилтын нөхцөл байдалтай холбогдуулаад Улаанбаатар хотод он гарснаар объектын гал түймэр 1551, шар өвсний түймэр 270, ой хээрийн түймэр дөрөв, аюулт үзэгдэл, ослын 94, усны ослын долоон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ тоон мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлага 30 хувиар нэмэгдсэн бол объектын болон ой хээрийн түймэр өссөн байна. Харин техникийн холбогдолтой ослын дуудлага 60 орчим хувиар буурсан” гэлээ.
Онцгой байдлын байгууллагаас ослоос төрөл бүрээр нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Хэдий энэ төрлийн арга хэмжээг байнга авч байгаа ч иргэд олон нийтийн санамсар болгоомжгүй болон буруутай үйлдлээс шалтгаалсан гамшиг ослын тоо өссөн хэвээр байгааг мэдээллээ.
Үргэлжлүүлэн тэрээр “Сүүлийн жилүүдэд үзэгдэж байгаа цаг агаарын хэт халалттай холбоотойгоор Улаанбаатар хотын ойролцоох гол, тогтоол ус, нуур цөөрөм рүү иргэд их очдог болж байна. Иргэд голын эрэг дээр очоод сэрүүцэх, архидан согтуурах, хамт олноороо аялж зугаалах зэргээр цагаа өнгөрүүлэхдээ аюулгүй байдлыг сахиагүйгээс 2025 он гарснаар усны ослоор таван иргэн амь насаа алдсан харамсалтай баримт бий. Өнгөрсөн жилийн байдлаар усны ослоор дөрвөн хүн амиа алдсан. Мөн өнгөрсөн жил хур тунадас ихтэй, гол ус үертэй байсан тул иргэдийн хөдөлгөөн бага байсан бол энэ жил бороо бага орж байгаатай холбогдуулан гол ус бараадах иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Туул голын эрэг дагуу хүмүүс ихээр цуглардаг есөн бүсэд хяналтын камер суурилуулсан. Эдгээр хяналтын камерын тусламжтайгаар эргүүл, хяналт шалгалтын ажил тогтмол явуулж байгаа. Хэт халалттай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул илүү болгоомжтой байхыг анхааруулъя” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 117 (7614)