Ч.БЯМБАХАЖИД

 

Өмнөх нь № 111 (7608)

 

Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон хөрш орнууд билээ. МСНЭ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хамтарсан баг БНХАУ-ын гурван хотод ажиллалаа. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо, Улаанхад, Баарин баруун хошуу болон Хятад улсын техник технологийн цөм болсон Хүбэй мужийн Ухань хотоор зочилсон юм. Томилолтын хугацаанд БНХАУ-ын техник технологийн дэвшил, үндэсний өв соёлын дархлаа, цөлжилтийн эсрэг хийж буй алхмууд, ойжуулалтын нөхцөл байдал зэрэг олон бүтээн байгуулалтыг нүдээр харж, Хятадын хөгжилтэй танилцсан сонирхолтой аялал байлаа. 

“Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын сэтгүүлчдийн баг зургаадугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотоос хамтарсан сурвалжилгаа эхлүүлсэн юм. ӨМӨЗО-ны Тунляо хот нь зүүн хойд бүсэд байрладаг, Үндэсний “Бүс ба зам” болон Өвөр Монголын умард зүгт нээлттэй стратегийн чухал хот төдийгүй Өвөр монголоос дотоодын боомттой хамгийн ойр хот юм. Тус хотоор зочлон Тунляочуудын үйлдвэрлэл, бүтээн байгуулалттай танилцсан тухай өмнө нь нийтэлсэн билээ.

Үүний дараа хамтарсан сурвалжилгын багийнхан БНХАУ-ын Улаанхад хот, Баарин баруун хошууг зорьсон юм.

 

“Сайнаа” хонины эрчимжсэн ферм махны чиглэлийн хар хонь гарган авч байна

Улаанхад хот нь ӨМӨЗО-ы зүүн хэсэг, Өвөр монгол, Хүбэй, Ляонин мужийн уулзварт байрладаг. Мөн газарзүйн өвөрмөц байршил, геологийн бүтэцтэй гэдгээрээ онцлог газар нутагтай юм.

Ийн энэ сарын 13-нд Улаанхад хотын Баарин баруун хошууны “Бор ус” гацаан дах “Сайнаа” хонины эрчимжсэн МАА-н хоршооллын ферм, малчин айлын хоршоотой танилцаж орчин үеийн мал аж ахуй эрхлэх үйл явцыг сонирхлоо.

“Сайнаа” хоршоолол нь нийт махны үүлдрийн 2000 хонь үржүүлдэг ферм бөгөөд нутгийн монгол эм хонийг африкийн хар толгойт хуцтай эрлийзжүүлж, дахин Англи үүлдрийн цэвэр хуцтай эрлийзжүүлсний дараа махны чиглэлийн хар хонь гарган авч “Талын хар сувд” хэмээн нэрлэдэг байна.

Энэ хар хонины дөрвөн сартай хурганы амьдын жин 50 кг байдаг бөгөөд 10 сар болгоод нядлахад амьдын жингээрээ 100 кг-д хүрдэг аж. Үүний 50-55 хувь өөхгүй цэвэр махны гарцтай байдаг гэж байлаа.

Тус хоршоо “Талын хар сувд” хонины хургыг хоёр сартайгаас нь эхлэн өөрсдийн тариалангийн талбайд тарьж бэлтгэсэн эрдэнэшиш, ногоон тэжээлийн холимог тэжээлээр бордоход амьдын жин нь өдөрт дунджаар 500 граммаар нэмэгддэг байна.

Мөн Өвөр монголд нэг кг хонины мах ойролцоогоор 65-70 юанийн үнэтэй бол  нэг хонь жингээсээ хамаарч 0.85-1.7 сая төгрөгийн үнэ хүрдэг байна.

 

“Dongli” үйлдвэр Ханшань үүлдрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгожээ

Сурвалжлах багийнхан дараагийн өртөө рүү хөдлөн БНХАУ-ын Улаанхад хотын Ханшань уулын үүлдэрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгосон “Дунли” (Dongli) ноолуурын үйлдвэрээр зочилж Хятадын ноолуурын үйлдвэрлэлийн хөгжилтэй танилцсан юм. Тус үйлдвэрийн хаалгаар ороход ханыг Улаанхад уулын өнгөтэй адил өнгөөр будаж, чийдэнгийн бүрхүүлээ самнасан ноолуураар бүрхсэн байлаа. Мөн цонхны хөшигөө ноолууран утсаар шийдэж, ханандаа өлгөсөн том, жижиг олон фото гэмээр зургийг ноолууран шэйлээр урласан нь тун өвөрмөц шийдэл төдийгүй анхаарал татахуйц нэг зүйл нь байсан юм. “Дунли” ноолуурын үйлдвэр нь 2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 1500 ажилтантай, бүрэн автоматчилагдсан үйлдвэр болон хөгжжээ. Хятад улсын Ханшань мужийн цагаан ямааны ноолуур нь нарийн чанарын хувьд 13-16 микрометр, 36 мм-ээс дээш урттай буюу монгол ямааны ноолууртай ойролцоо боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тус компани дэлхийд нэлээд дээгүүрт ордог байна. Тус үйлдвэр 10.000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна, гаднын 30 улсын 40 гаруй хувцас үйлдвэрлэгч компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.

Үүний зэрэгцээ Италийн брэнд компанитай хамтран ажиллаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 65 хувийг Итали зэрэг Европын улс орнууд руу экспортлодог аж. Мөн тус компани технологийн чиглэлийн дунд, дээд мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллаж, суралцагч оюутнуудаас ажилтан сурган авч, үйлдвэрийнхээ боловсон хүчнийг бэлтгэдэг аж. Дашрамд сонирхуулахад, “Дунли” компанийн бүтээгдэхүүнийг “Жеймс Бонд 007” уран сайхны киноны гол дүр, Английн жүжигчин Данейл Крейг кинонд тоглохдоо өмссөн байна. Мөн Хятадын онлайн худалдааны “Алибаба” группыг үүсгэн байгуулагч Жак Ма, дэлхийн хэмжээний тэрбумтан Билл Гейтс нарын олон алдартан, кино жүжигчид “Дунли” брэндийн ноолуураар гоёдог аж.

Үргэлжлүүлэн бид дараагийн өртөө болох ӨМӨЗО-ны Улаанхад хотод байрлах Хятад, Монгол уламжлалт анагаах ухааны “Тяньчи” эмийн үйлдвэрээр зочиллоо.

 

“Тяньчи” уламжлалт эмийн үйлдвэр жилд 251 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

 

Үйлдвэрийн хойморт анх удаа эрүүл хоол хүнсээр дамжуулан өвчнийг анагаах тухай бүтээл туурвисан Юань улсын ордны монгол эмч болох Хүсэхүй оточ, Эмийн ургамлыг ялгаж таних, элдэв өвчинд хэрхэн таарах, хаана ургадаг тухай ном бичиж үлдээсэн монгол оточ Жамбалдорж нарын хөрөг барималыг залсан байв.

Тус үйлдвэр Хятадын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдээс 84 дүгээрт, Монголын уламжлалт эмийн үйлдвэрүүдээс нэгдүгээрт эрэмблэгддэг. Мөн Улаанхад болон Тунляо хотод зургаан салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эмийн үйлдвэрийн хувьд бүрэн автоматчилагдсан, Хятад улсын 100 эмнэлэг, 25000 эмийн санд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Мөн харьяандаа уламжлалт эм судлаач, хоол зүйч, технологич нараас бүрдсэн томоохон лаборатори ажиллуулдаг аж.

Мөн Монгол уламжлалт тан зүрх судас, дотрын өвчлөлд илүү сайн байдаг. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1000 жилийн түүхтэй уушиг элдэв өвчнийг эдгээх танг зэргийг эмийн үйлдвэрийн захирал Хан Фүн Юүй танилцуулсан юм. Уламжлалт эмийн үйлдвэр жилд 100 гаруй шинэ эмийн эрх авах хүсэлтийг Хятад улсын холбогдох газарт хандан гаргаж, 40 гаруй хувьд нь зөвшөөрөл авдаг байна. Мөн тус үйлдвэр уламжлалт эм үйлдвэрлэдэг 500 гаруй байгууллагыг эмийн ургамал, түүхий эдээр хангахын зэрэгцээ өөрсдөө 251 нэр төрлийн 3.5 тонн уламжлалт эм үйлдвэрлэдэг аж. Түүнчлэн үхэр адууны чөмгийг боловсруулж хүний биеийн тамирыг сэргээх амин дэм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймд Монгол Улсаас бод малын чөмөгний яс авах, цаашлаад эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.

 

Үл давтагдах, үнэ цэнт “Баарин чулуу”

Үргэлжлүүлэн Улаанхад хотын Баарин баруун хошууны чулууны үзэсгэлэнгийн газраар зочилсон юм. Өнгө төрлөөсөө хамаарч өөр өөр утга бэлгэдэл, өнгө, үнэ цэнтэй ховор нандин чулуунууд энд бий. Баарин чулуу энэ нутагтаа дөрвөн их чулууны нэг гэж явдаг бөгөөд дотроо таван төрөлтэй байдаг. Уг чулууны нэрийг Баарин баруун хошууны Баарин гэх уулнаас сэдэн нэрлэжээ.

Баарин чулууг уурхайгаас олборлон гаргаж авдаг бөгөөд хөрсөндөө 180 жилийн хугацаанд бий болдог байна. Уг чулууны Улаан өнгөтэй нь хамгийн цэнэтэйд тооцогддог гэнэ. Харин тунгалаг өнгөтэй баарин чулуу нь илүү олдоц сайтай байдаг аж.

Цаашлаад нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх чулуу ч байдаг байна. Мөн анх олборлож гаргахдаа энгийн л хад чулуу мэт шаргал өнгөтэй хатуу чулуу байдаг бол үүнийг хагаласны дараа төрөл бүрийн өнгөтэй зөөлөн баарин чулуу гарч ирдэг гэнэ. Түүнийг нь хэлбэрт оруулж өөрсдийн хүссэн хэлбэр хийцтэй сийлбэр хийдэг. Энэ газарт тавигдсан чулуун үзмэрүүдэд нэг ч будагч бодис ороогүй бөгөөд бүгд байгалийн өнгөөрөө хадгалагддаг. Түүнчлэн нутгийн иргэд нь тунгалаг баарин чулуугаар янз бүрийн гоёл чимэглэл, том чулуугаар уул усны сийлбэр их хийдэг аж.

Бидний сүүлийн өртөө болох БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотыг зорьсон юм. Хүбэй муж нь Хятад улсын төв хэсэг, Хөх мөрний дунд байрладаг.  Нийт 185.900 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, байгалийн нөөц баялаг элбэг нутаг юм. Тус мужийн Засгийн газрын хамгаалалтын жагсаалтад 755 нуур багтдаг бөгөөд “Мянган нууртай муж” хэмээн алдаршжээ.

 

Ян Лөү Дүн тосгоны цайны гудамжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлжээ

Улмаар Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцсан юм. Чибэй хотын захиргаанаас Ян Лөү Дүн тосгоны гудамжинд хоёр давхар цайны музейг нээжээ. Үүгээрээ дамжуулан цайны соёлын үүх түүх, эдлэл хэрэгсэл, бичиг данс, хэв загвар, шахмал цайг олон нийтэд дэлгэн танилцуулдаг байна. Түүнчлэн уг музейд 200 жилийн өмнөх шахмал цайг хүртэл хадгалж байгаа нь тун онцлог юм.

Ян Лөү Дүн тосгон нь 1000 жилийн түүхтэй хэдий ч хүн олноороо суурьшин амьдарч, цайны худалдаа эрхлэлт явуулаад 400 гаруй жил болжээ. Ингэхдээ 1250 метрын урттай цайны гудамжийг төр засгийн бодлогоор 2012 онд сэргээн засварлаж, Хятадын эртний өв соёлд бүртгэж, түүх, соёлын дурсгалт газар төдийгүй аялал жуулчлалын бүс болгосон байна. Сонирхуулахад, уг гудамжинд нэг дугуйт тэргэнд цай ачин, тээвэрлэж явсан нь өдгөө чулуун замыг хотойлгосон мөр болон үлджээ. Мөн цайг эмчилгээний зориулалтаар ашигладаг домчийн өргөөг тухайн үеийн байдлаар хадгалсан нь цайны соёлтой танилцахаар очиж буй аялагчдад үзэх сонирхолтой зүйлийн нэг байв.

Дашрамд дурдахад “Ковид19” цар тахлын үед Ухань хотын иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Монголчуудаас 30.000 хонь бэлэглэж байсан. Үүний хариуд Ухань хотын ард түмнээс зөвхөн монголчуудад зориулан Хөх тэнгэрийн монгол орон хэмээн бэлэгдэж тусгай амт чанарын найрлага бүхий дээд зэрэглэлийн “Хөх цай”-г үйлдвэрлэн Монгол түмэнд бэлэглэсэн байдаг.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 117 (7614)