Ц.МЯГМАРБАЯР

 

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна. Уг хуулийг санаачлагч, Эдийн засагч Р.Шинэгэрэлээс зарим зүйлийг тодруулж ярилцав.

 

- Засгийн газар солигдлоо. Хуулийн төсөл дэмжигдэх тухайд хэр ахицтай байна вэ?

-Хувь хүний орлогын албан татварыг/ХХОАТ/ одоо байгаа 10 хувийг нэг хувь болгох санаачилга гараад гурав дахь сар руугаа орлоо. 100 мянган хүн дэмжиж гарын үсгээ зурсан. Үүнд хэд,хэдэн ажил хийж байгаа. Үүний нэг нь УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан.

Мөн Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хугацаа хуулийн дагуу ирэх долоодугаар сарын эхээр дуусахаар байгаа. УИХ-ын ажлын хэсэг ХХОАТ-ын нэг хувь дээр 100 мянган хүний дэмжлэг, гарын үсэг, саналд хуулиасаа тусдаа санал, дүгнэлт гаргаж УИХ болон байнгын хороонд танилцуулах үүрэгтэй.  Энэ дагуу ХХОАТ болон бусад татварыг бууруулах хуулийн төслийг оруулж ирж байгаа нь Засгийн газрын  ажлын хэсэг. Өмнөх огцорсон Засгийн газар уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар дэмжсэн. Түүнчлэн сүүлд байгуулагдсан Засгийн газар дахин авч үзээд өргөн барина гэсэн чигтэй байна.

-Засгийн газраас хэлэлцүүлж буй уг хуулийн төсөл бага, дунд  орлоготой хэсэгт хэр өгөөжтэй бол. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь нэг хувь болгохыг ямар иргэд хүсээд  байгаа юм бэ гэдэгт асуудал нь байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажлаа сайн хийж байгаа, өөрийгөө аваад явж байгаа, мөн гэр бүлээ аваад явж байгаа залуучууд ялангуяа цалингаараа амьдарч байгаа иргэд илүү хүсээд байгаа юм. Эдгээр хүмүүс цалин, орлогоосоо бодит хуримтлал үүсгэж чаддаггүй. Түүнчлэн энэ хэсэгт татварын дарамт их. Тиймээс эдгээр хүмүүс бага ч гэсэн татварын дарамтаас ангижирмаар байна гэсэн хүсэлтээ илэрхийлээд байгаа.Тэгэхээр Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөлд яг энэ хэсэгт очиж татварын хөнгөлөлтийн дэмжлэг болох магадлал хангалттай биш.

- Тэгвэл та бүгдийн санаачилсан хуулийн төсөл цалингийн орлоготой хэсэг рүү чиглэж байна гэсэн үг үү?

- ХХОАТ-ын 10 хувиас төсөвт тодорхой хэмжээний мөнгө цугларч байгаа. Үүний 83 хувийг  цалингийн орлого эзэлдэг. 13 хувийг хөрөнгийн орлого буюу хувьцааны ногдол ашгийн гэх мэт эзэлдэг. Бусад үйл ажиллагааны орлого, урамшууллын болон шууд бус орлого, хөрөнгө борлуулсны орлого маш бага хувийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь цалингаараа амьдарч байгаа сая орчим хүмүүст бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, цалингийн орлогыг нуух ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, цалингийн орлогоосоо бүх, татвар, шимтгэл хураамжаа төлдөг. Дээр нь нэмээд худалдан авалтаасаа НӨАТ төлдөг. Нэг үгээр хэлбэл хамгийн үнэнчээр татвараа төлдөг хүмүүс. Энэ хүмүүсийн цалингийн дундаж 2.6 сая төгрөг. Голч цалин 2.3 сая төгрөг.  Тэгэхээр эдгээр хүмүүсийн цалингийн орлогыг сүүлийн 10 жилд  төсвийн нийт татварын  орлоготой харьцуулахад хоёр дахин багаар өссөн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20, 30 жилд татвар авахын тулд төсөв бүрдүүлэхийн тулд л татварын бодлого хэрэгжүүлсэн гэсэн үг. Төсвийн хязгааргүй хэрэгцээг хангах гэсэн татварын бодлого тасралтгүй явж ирлээ. Тэгэхээр одоо энэ бодлого цаашид явахгүй ээ. Арай өөр бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа тэтгэх, жижиг дунд бизнесээ дэмжсэн, дундаж давхаргыг чадавхжуулах татварын бодлого хэрэгтэй. Татварын дарамт их байгааг бүгд хэлж байна. Бизнес эрхлэгчидтэй уулзахад бараа зарагдахгүй байна, өмнөх жилүүдээс эрс муудсан, иргэд нь гадагшаа явж ажиллаж, амьдармаар байна гэдэг. Энэ нь Монголд татварын дарамт байгаагийн илрэл юм. ХХОАТ нь яагаад нэг хувь байх ёстойг, ямар бүлэгт эерэгээр нөлөөлөх нь вэ гэдгийг судалсан. 2025 онтой харьцуулбал  улсын төсвийн орлого  зургаа дахин, иргэдийн цалин гурав дахин л өссөн. Тэгвэл энэ хугацаанд татварын дарамт хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл иргэдийн орлогоос хурааж авсан татвараар үр ашиггүй зүйл хийж байгаа байдал тасралтгүй явж байна. Төсвийн  орлого, зарцуулалтад хулгай нүүрлэснийг сүүлийн арваад жил хангалттай харлаа.

-2000 оны үед ХХОАТ-ыг хувь хүн зургаан хувиар харин аж ахуйн нэгж ашгаасаа 10 хувийг татварт төлж байсан. Гэвч ХХОАТ-аа зургаан хувиар өөрөөр хэлбэл, хувь хүнээр  төлөх сонирхол тухайн үеийн аж ахуйн нэгжүүдэд байсан учраас  ижил түвшинд аваачихын тулд 10 хувь болгосон гэж ойлгодог?

-Одоо мөрдөж байгаа хуулиар 300 сая орчим төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг хувь, 1.5 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж ашгаасаа 10 хувиар төлөөд  төлөөд буцаагаад 90 хувиар буцаалт авдаг. Тэгвэл иргэд хэдэн төгрөгийн цалинтай байхаас үл хамаарч хамгийн багадаа 10 хувир төлдөг. Зардлаа ч  хасуулахгүйгээр шүү. Жишээлбэл, сард 1.5 сая төгрөгийн цалингийн орлоготой байсан ч бодит гэр бүлийн зардал 2-3 сая төгрөг болсон ч үүнийг харгалзахгүйгээр татвараа шууд төлдөг.Тэгвэл хувь хүний орлогын албан татваргүй олон орон байна. Катар, Оман болон бусад манайхтай  эдийн засаг, хүн амаараа ойролцоо булангийн орнууд татваргүй. Мөн өндөр хөгжилтэй орнууд бүгд их хэмжээний буцаан олголт олгодог. Иргэдийн амьдралынх нь  гол, гол  зардлуудад татвар ногдох орлогыг хасдаг байх жишээтэй.

-Тэгэхээр Засгийн газраас өргөн барьж буй татварын орчны шинэчлэлийн хуулийн төсөл нь  дундаж орлоготой хэсэгт бодитоор нөлөөлж дэмжлэг болохуйц татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн үг үү?

-Засгийн эрхийг барьж байгаа МАН-ын мөрийн хөтөлбөрт тэдний амласнаар бол дунд орлоготой иргэдийг татварын бодлогоор дэмжинэ гэсэн. Гэвч одоо хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл нь бага орлоготой иргэд рүү илүү чиглэсэн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа хүмүүсийг татвараас чөлөөлөгдөх байдлаар гэсэн байсан. Бусад бүлгүүд болон дунд орлоготой хэсэгт чөлөөлөлт нь хангалттай биш. Ерөнхийдөө хүн болгонд ХХОАТ-аас 80 мянга, 500 мянга хүртэлх төгрөгийн худалдан авалтаас НӨАТ-ын буцаалт нь 50 мянган төгрөг, 501-800 мянган төгрөгийн худалдан авалтын 300 мянгад 50 хувийн буцаалт олгох гэсэн байсан. Энэ нь 15 мянган төгрөг. Эдгээр нь нийт 150-165 мянга орчим төгрөг болж байгаа юм. Үүнийгээ бүх хүнд тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд “бид бага, дунд, дундаж давхарга бүгдийг нь маш их татварын хөнгөлөлтөөр дэмжиж байна” гэж яриад байгаа. Гэвч НӨАТ гэдэг хэрэглээний худалдан авалт. Хэрэглээн дээр татварын буцаалт үзүүлчхээд үүнийгээ татварын орлогод сайнаар нөлөөлнө гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Жишээлбэл, гурван ам бүлтэй, гурван сая төгрөгийн орлоготой өрх бүх мөнгөөрөө худалдан авалт хийвэл НӨАТ-ын баримтаа гурав хувааж шивээрэй гэж уриалж байгаа юм. Энэ нь гэр бүлийнхээ НӨАТ-ын баримтаа тархааж шивээрэй гэсэн сонин зүйл ярьж байгаа. Тэгвэл энэ гэр бүл гурав тусдаа НӨАТ-ын баримтаа шивсэн бол буцаалтаар нийлээд 250 орчим мянган төгрөг авах нээ дээ. Энэ бол татварын хөнгөлөлтийг бодитоор үзүүлэх дэмжлэг үнэндээ биш. Ийм л хуулийн төсөл яваад байна. Гэтэл өнөөдөр сардаа арван сая төгрөгийн орлоготой иргэд ХХОАТ-ын тайлангаар бол нийт татвар төлөгчдийн  99 хувь нь. Тэгэхээр энэ 99 хувьд л бодит дэмжлэг илүү хэрэгтэй байна. Цаана нь найман мянган хүн л бага орлоготой хэсэг нь. Засгийн газар болон МАН-ынхан татвар болон иргэдийн орлого өмчийн талаарх ойлголт 200, 300 жилээр хоцрогдсон, социалист үзлээсээ салаагүй байдалтай байна.

-Татварыг шаталсан хэлбэрээр авна гэдэг нь зөв биш үү?

-Засгийн газраас оруулж ирж байгаа хулийн төсөлд ХХОАТ-ыг зургаан шатлалтай болгож байгаа. Үүнд шүүмжлэлтэй хэд, хэдэн асуудал бий. Жишээлбэл, хувь хүний цалингийн орлого, үйл ажиллагааны орлого зэргийг нийлүүлээд шатална гэсэн. НӨАТ-дээр ямар нэгэн шатлалгүй. Гэхдээ бүх аж ахуйн нэгжүүдийн босгыг байхгүй болгосон заалт бий. Энэ  нь жижиг бизнесүүдэд маш халгаатай байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, ААНОАТ-т өмнө байсан шатлалыг өсгөсөн. Гурван шатлалтай болсон. 0-6.0 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой бол 10 хувиар, 6.0-10 тэрбумын орлого олж байвал 15 хувь, 10 тэрбумаас дээш бол 25  хувиар нэмж ашгийн татвар авахаар зохицуулалт оруулсан.

-Гэхдээ босго орлогыг нь нэмэгдүүлсэн нь сайн биш үү?

-Орлогыг нэмээд, нэмээд манай аж ахуйн нэгжүүд томрохгүй гэсэн үг. Зургаан тэрбум хүртэлх татвар ногдох орлого олдог хэмжээгээр компаниуд жижгэрнэ гэсэн үг. Сая нийслэлээс Орон сууцны төсөл дээр монгол компаниуд шалгарсангүй гээд барилгын компаниуд жагссан. Үүний цаад шалтгаан энэ шаталсан татвараас болж компаниуд жижгэрдэг. Тэгээд тендерийнх нь босго, шаардлагад нийцээгүй гэсэн нөхцөл байдалтай байна гэсэн үг. Тэгэхээр манайд шаталсан татварын бодлого зохимжгүй, ойрын 100 жилдээ. Үнэхээр том компаниудтай болъё, гадаад зах зээлд гаръя, дараа дараагийнхаа,жижиг дунд  бизнесээ дэмждэг жишиг рүү оръё гэвэл социа­лизмын үеийн шаталсан татварын сис­темээс татгалзах хэрэгтэй. Ер нь тат­варыг хэн бүрдүүлдэг юм гэвэл аж ахуйн нэгжүүд ажлын байраар дам­жуулж бүрдүүлдэг. Аж ахуйн нэг­жүүд нь ажилтай, орлоготой байснаар улс орон хөгждөг. Тиймээс төрийн оролцоог бууруулснаар дагаад бүх төрлийн татварын дарамт буурах боломжтой. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр ядуурлын шугам дээр 900 мянга орчим хүн байна. Тэд сард 420 мянган төгрөгийн орлоготой. Татварыг 60 мянган төгрөгөөр өсгөхөд л 320 мянган хүн ядуурлын шугам дээр ирэх эрсдэлтэй.

-ХХОАТ-ыг нэг хувь болгохоор төсөвт ирэх дарамт их, төсөв дийлэхгүй гэдэг?

-ХХОАТ-ыг нэг хувь болгоход 2.5 их наяд төгрөгөөр төсвийн орлого буурна. Гэтэл 2023 оны төсөв 23 их наяд бол 2025 оных 33.5 их наяд төгрөг. Тэгвэл 2023 он дээрээ л оччих л доо. Хоёр жилийн дотор 10 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Ийм  орон зай байгаа. Төсвийн үр ашиггүй зардал маш их. Төр данхайсан. Манайд есөн яам, 10 аймаг, 100 сум хангалттай. Энэ хэмжээнд төрийг, төсвийг жижигсгэх шаардлагатай. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж өмчтэй, орлого хангалттай болно гэсэн үг. Төсөв дийлэхгүй гэдэг нь хүмүүсийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулж айлгаж буй хий асуудал. Одоо зоригтой өөрчлөлт хийж хувийн хэвшлээ дэмжих нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 117 (7614)