Т.САЙХАН

Боловсролын сайд П.Наранбаяр ЭЕШ-д гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэсэн гэж мэдэгдлээ. Тэрээр "БҮТ-өөс Элсэлтийн шалгалтын хүрээнд боловсруулсан бүх материалуудаа ил тавьчихсан байгаа. Үүнийг та бүхэн харж болно. Жил бүрийн Элсэлтийн шалгалтын дараа ямар нэгэн байдлаар асуудал үүсдэг. Энэ жилийн тухайд нэлээдгүй асуудал үүслээ. Учир нь энэ жил маш олон буюу 41 мянган шалгуулагч элсэлтийн шалгалт өгсөн. Миний хувьд шүүмжлэл дагуулаад байгаа шалгалтын асуултуудыг тулгаж харсан. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой, тэтгэврийн талаар боловсруулсан асуулт тухайн хичээлийн сурах бичгийн 69 дүгээр хуудаст байна. БҮТ төв 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллага өөрөө энэ ажлыг гардаж хийгээд бүх тайлбараа өгчихсөн байна. Элсэлтийн шалгалтад хэрэглэгддэг харандаа, баллууртай холбоотой асуудлыг тодруулсан. Жил бүрийн стандартын дагуу худалдан авсан байна лээ. Түүнчлэн шаардлага хангаагүй тохиолдолд шинээр сольж өгөхөөр нөөцтэй байсан. Гар утас авч орсон гэх долоон тохиолдол гарсан талаар мэдээлэл ирсэн. Эдгээрийг тухайн тохиолдол бүрт илрүүлж, шалгуулагчийн оноог тэглэх арга хэмжээ авсан. Энэ жилийн Элсэлтийн шалгалт бямба гарагт дууссан. Үүнээс хойш дүрмийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа. Мөн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn