Т.САЙХАН
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /06.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "МОНЦАМЭ агентлаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа байгууллага. Яагаад гэхээр улс орны гадаад харилцаа, олон улсын нөхцөл байдал, гадаадад эх орноо сурталчлах гол төрийн институци юм. Нийт гадаадын таван хэл дээр мэдээ нийтэлж, цацдаг. Олон улсын 146 улс төрийн мэдээллийн институцитай. Тэр агентлагуудын албан ёсны эх үүсвэр нь МОНЦАМЭ агентлаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсыг гадаад, дотоодод бүрэн эрхтэй төлөөлдөг институци нь Ерөнхийлөгч. Тийм учраас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг байх үед ярьж байгаад ЕТГ-ын харьяа байгууллага болгосон. Үндсэндээ 20 жил хаана харьяалагдах нь тодорхойгүй, чиг үүрэг нь тодорхойгүй, ажилчдынх нь нийгмийн баталгаа алдагдаж, төрийн албан хаагчдаас 2-3 дахин бага цалин авлаг агентлаг байсан. Үүнээс хойш төрийн бусад байгууллагуудтай адил болгож, шинэчилсэн. Сэтгүүлч Б.Ганчимэг зөвлөхөөр ажиллаж байгаа тодорхой хэмжээнд эрүүл мэндийн асуудал үүссэн" гэв.
Мөн тэрээр "Улс төрийн намыг СЕХ хариуцдаг болсон. Тийм учраас улс төрийн намууд тайлангаа гаргаж өгч, санхүүжилтээ ил тод болгож, дэргэдээ бодлогын байгууллагатай болох шинэ улс төрийн соёл руу явж байна. Тэр агуулгаараа МАН энэ ондоо 31 дүгээр Их хурлаа зайлшгүй хийнэ. Намын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна. Тийм учраас намын дүрэмд 45 хоногийн өмнө Их хурлаа зарлах ёстой. Ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурлаа хийж, Их хурлаа зарлана. Намын Их хурлаар бүрэн эрхт намын дарга томилох, Удирдах зөвлөл, Бага хурал, хяналтын ерөнхий хорооны асуудлыг хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намын удирдах албан тушаалд эмэгтэй квотын асуудал буюу жендерийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ бол улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чухал жил болно. Намын дүрэм дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намын дүрэмд тодорхой өөрчлөлт орох ёстой" гэв.
Эх сурвалж:www.polit.mn