Т.САЙХАН
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /06.23/ Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа "Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй. Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг. Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.
Улаанбаатар хотод хамгийн их шалгуулагчтай дүүрэг Баянзүрх байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Налайх, Багахангай дүүрэг байлаа. Орон нутагт хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл 1701 байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Говьсүмбэр 213 байжээ. Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд 50 шалгалтын байрны 3500 зааланд зохион байгуулсан. Шалгуулагчдын тоо давхардсан байдлаар 133.390 байсан. Аймаг болгонд нэг нэг шалгалтын төв ажилласан боловч шалгуулагчдын тооноос хамааран Хөвсгөл, Дорноговь аймагт тус бүр хоёр шалгалтын төв ажилласан байна. Дүүрэг тус бүрд 3-5 шалгалтын төв ажилласан.
Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянаг багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан болно. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог Элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн бөгөөд 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.
Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn