Ц.МӨНХЖАРГАЛ

 

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн "Аравт" багийн тамирчин. “Ард” санхүүгийн  нэгдлийн нөхөн төлбөрийн менежер Б.Хулантай ярилцав.

 

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батсүхийн Хулан гэдэг. Ард Даатгал ХК-д нөхөн төлбөрийн менежерээр ажилладаг. Сагсан бөмбөгийн спортоор хичээллээд удаж байна. Оюутан байх хугацаандаа “Оюутны лиг”-т 3 жил тоглосон бөгөөд тэндээсээ Үндэсний дээд лигийн “Аравт” багт драфтын 8 дахь сонголтоор сонгогдсон.  Одоо Үндэсний дээд лигийн "Аравт" багийн тамирчин гэж явдаг. Энэ зун тэмцээнгүй байгаа учраас хувийн бэлтгэлээ хангаад явж байна.

- Одоо үндэсний дээд лиг ямар, ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа вэ. Оролцсон тэмцээнүүдийнхээ талаар яривал?

-Үндэсний дээд лигийн сүүлийн тоглолт хоёрдугаар сарын 11-нд болоод дууссан. Тэрнээс хойш хувийн бэлтгэлээ хангаж байгаад “U23” залуучуудын улсын аваргад яваад ирсэн. Оюутан байх хугацаандаа тоглож байсан Монгол Улсын Их Сургуулийн Шонхорууд багаасаа U23 ЗУАШТ-д оролцон алтан медаль, "Үнэ цэнтэй тоглогч" шагналыг хүртсэн. Тэмцээнээсээ ирсний дараагаар “3x3 про лигт тоглоод хоёр удаа III байр, нэг удаа хоёрдугаар байранд орсон амжилттай явж байгаа. Одоогоор ямар нэгэн идэвхтэй тэмцээн уралдаан байхгүй хувь хүн, тамирчин өөрийнхөө бэлтгэлийг хангаад явж байна. Ирэх намар аравдугаар сараас шинэ улирлын тоглолт болох учраас наадмын дараагаас багууд шууд хамтарсан бэлтгэлдээ орох байх.

-Цаашид зорьж байгаа том тэмцээн байгаа юу?

-Бид нар үндэсний дээд лигт байгаа учраас хамгийн том зорилго бол энэ дээд лигийнхээ аваргыг л авах. Монгол Улсын хэмжээнд аваргаа авчихвал цаашаа дэлхийн олон тэмцээнүүд биднийг хүлээж байгаа.

- Ажлынхаа хажуугаар тэмцээний бэлтгэлээ хийгээд явна гэдэг ялангуяа дээд лигийн тамирчны тухайд хүндрэлтэй биш үү?

-Би МУИС-ийг санхүүгийн чиглэлээр 2024 онд төгссөн. Ард Санхүүгийн Нэгдэлд харьяалагддаг Ард Даатгал ХК-д очсон. Дадлагаа хийж дууссаны дараа цалинтай гэрээт ажилтан болох санал ирсэн. Их сургуулиа төгссөний дараа үндсэн ажилтан болж нэг жилийн хугацааг үдэж байна. Оюутан байх цагаас минь ажилд авч, тэмцээнд хожиход урамшуулж, хожигдоход урам өгч, бэлтгэл хийх цагийг минь хүртэл ойлгодог Ард санхүүгийн нэгдлийн хамт олондоо маш их баярладаг. Тамирчин хүний хувьд ямар ч үед дэмждэг хамт олонтой байна гэдэг маш чухал.

-“Аrd cup” ямархуу болж байна. Энэ жилийн онцлог нь юу байна вэ?

-Ард санхүүгийн нэгдэл өөрийн харьяаны бүх байгууллагуудыг оролцуулсан “Ard cup”-ыг жил болгон зохион байгуулдаг. Энэ тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд өөрсдийн дадлагажуулж бэлтгэсэн тамирчдадаа оролцуулж байна. Би оюутан байх хугацаандаа “Ard cup” тэмцээнд оролцож 2024 оны  цомыг нь авч байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээн өргөн хүрээнд болж байна. Өмнө нь нэг зааланд тоглолтуудаа шахаад, цөөхөн ажилчидтай, цомхон болдог байсан бол энэ удаад зохион байгуулалт өргөн, багууд болон дэмжигч хүмүүсийн оролцоо ч сайн байна. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад оролцогч багуудын тоо бараг өөрчлөгдөөгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин