Ч.Бямбахажид
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын хүрээнд БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотын 56 жилийн түүхтэй автомашины үйлдвэрээр зочиллоо.
Дүнфэн Ланьтүн автомашины үйлдвэр нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг, хэрэглэгчийн тохь тухыг хангасан орчин үеийн загвартай, хятадын уламжлал, соёлыг шингээсэн автомашиныг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Автомашины үйлдвэрлэлийн 90 хувь автомат, 10 хувь нь хүний оролцоотой юм. Үйлдвэрлэж буй машинуудаас хамгийн борлуулалт сайтай нь гэр бүлийн зориулалтай машин юм. Энэ машин 320-420 мянган юанийн үнэтэй борлуулагдаж байна.
Автомашинуудыг нэг удаа цэнэглээд 1400 гаруй км явах боломжтой бөгөөд цэнэглэгч баттерейг аюулгүй бат бөх байгаа эсэх эрсдлийг урьдчилан тооцоолж хянаж чаддаг хяналтын системтэй аж.
Тус компани 2022 оноос эхлэн автомашинаа гадаад зах зээлд экспортлож эхэлжээ. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад автомашинуудаа нийлүүлдэг төдийгүй 200 гаруй хотод 480 салбар дэлгүүрээ нээжээ.
Түүнчлэн дунджаар нэг цагт 29.5 машин үйлдвэрлэдэг буюу 2 минутад нэг машин үйлдвэрлэж байна.
Тус компанийн ажилчдын 43 хувь нь автомашин судалгааны чиглэлээр ажилладаг аж. Мөн жил бүр загвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийдэг төдийгүй аюулгүй байдлыг дээд зэрэгт ханган ажилладаг байна.
Улмаар 2024 онд 85,700 цахилгаан машиныг тус үйлдвэр 30 гаруй улсад борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Дашрамд дурдахад, үйлдвэрлэлд 30%-ийн урьдчилгаа төлөхөд 7 хоногийн дотор автомашиныг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг байна.