Ч.Бямбахажид
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй хамтарсан сурвалжилга БНХАУ-ын Ухань хотод үргэлжилж байна.
Энэ хүрээнд Ухань хотын “Гуангу Гуанзы” нэрэмжит агаарын төмөр замын компаниар зочлон “Дүүжин метро”-ний бүтээн байгуулалттай танилцсан юм.
Тус дүүжин метрог 2023 оны есдүгээр сараас ашиглалтад оруулжээ.
Метроны замыг дээр нь суурилуулсан тул “дүүжин метро” гэж нэрлэжээ. Нийт 220 хүний багтаамжтай, 39 суудалтай, 6 зогсоолтой, 24 метр урттай, 2.25 метрийн өргөнтэй аж. Мөн 60 км цагийн хурдаар 10.5 км замыг жолоочгүй автомат удирдлагын шийдлээр туулдаг байна.
Метрог хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагчдад хотын өнгө үзэмж, сонин сайхныг харуулах зорилгоор жуулчдын хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд энэ нь Хятад Улсын хэмжээнд хамгийн анхных гэдгээрээ онцлог юм.
Агаарын метрогоор зорчих иргэн нэг удаагийн тасалбарыг 30 юань, өдрийн турш зорчих тохиолдолд 40 юань, нэг сарын турш аялахаар бол 120 юаныг тус тус төлж зорчих боломжтой аж.
Мөн ахмад настнууд 50 хувийн хямдралтай зорчих бол бага насны хүүхдүүд үнэгүй үйлчлүүлнэ. Метроны тасалбарыг салбарын дэргэдэх киоск машинаас авах боломжтой.
Цас бороотой үед метро хэвийн горимоор ажиллах бөгөөд салхины хурд ихсэх тусам автомат мэдрэгч ажиллаж метро өөрөө хурдаа багасгаж зогсдог байна.
Метроны дизайныг шийдэхдээ эртний барилгын уламжлалт хийцийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээжээ.
Ухань хотод ирсэн хүмүүс ихэнх тохиолдолд агаарын метрогоор аялж хотын эргэн тойрныг харах дуртай байдаг байна. Тус метрог 100 жилийн хугацаанд ашиглахаар бүтээжээ.