Ч.Бямбахажид


МСНЭ, Хятадын ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албатай хамтарсан сурвалжилгын  хүрээнд Улаанхад хотын Баарин баруун хошууны чулууны үзэсгэлэнгийн газраар энэ сарын 15-нд зочилсон юм. Өнгө төрлөөсөө хамаарч өөр өөр утга бэлгэдэл, өнгө, үнэ цэнтэй ховор нандин чулуунууд энд бий. Баарин чулуу энэ нутагтаа дөрвөн их чулууны нэг гэж явдаг бөгөөд дотроо таван төрөлтэй байдаг. Уг чулууны нэрийг Баарин баруун хошууны Баарин гэх уулнаас сэдэн нэрлэжээ.


Баарин чулууг уурхайгаас олборлон гаргаж авдаг бөгөөд хөрсөндөө 180 жилийн хугацаанд бий болдог байна. Уг чулууны Улаан өнгөтэй нь хамгийн цэнэтэйд тооцогддог гэнэ. Харин тунгалаг өнгөтэй баарин чулуу нь илүү олдоц сайтай байдаг аж.
Цаашлаад 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх чулуу ч байдаг байна. Мөн анх олборлож гаргахдаа энгийн л хад чулуу мэт шаргал өнгөтэй хатуу чулуу байдаг бол үүнийг хагаласны дараа төрөл бүрийн өнгөтэй зөөлөн баарин чулуу гарч ирдэг гэнэ. Түүнийг нь хэлбэрт оруулж өөрсдийн хүссэн хэлбэр хийцтэй сийлбэр хийдэг. Энэ газарт тавигдсан чулуун үзмэрүүдэд нэг ч будагч бодис ороогүй бөгөөд бүгд байгалийн өнгөөрөө хадгалагддаг. Түүнчлэн нутгийн иргэд нь тунгалаг баарин чулуугаар янз бүрийн гоёл чимэглэл, том чулуугаар уул усны сийлбэр их хийдэг аж.

Эх сурвалж: zms.mn