П.ЛХАГВАЖАРГАЛ
Багаасаа уншиж өссөн сониндоо өөрөө ингээд яриа өгөх гэж байна гэж бодохоор сэтгэл дүүрээд сайхан байна гээд мишээл тодруулан ярих түүнийг Д.Золзаяа гэдэг. Тэрээр Монголын тоотой хэдэн эмэгтэй хөөмийчийн нэг. Одоо ҮУИТ-д хөөмийчөөр ажилладаг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа түүнийг онцолсон юм.
Эмэгтэй хөөмийч дуу дуулж чадахгүй, хүүхэд төрүүлэх боломжгүй болдог гэсэн буруу ойлголт байдаг
Монголчуудын үндэсний ондоошил, соёлын дархлаа болсон язгуур урлагийн нэгэн төрөл болох хөөмийг Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй гэдэг. Хөгжмийн зэмсэг ашиглахгүйгээр олон төрлийн дуу авиа, ая эгшиг гаргадаг энэ гайхамшигт урлагийг зөвхөн эрэгтэй хүмүүс өвлөн уламжилж хөөмийлдөг гэсэн хэвшмэл ойлголт бий. Үнэн хэрэгтээ энэхүү язгуур урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, олон түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оролцож байгаа олон эмэгтэй хөөмийч байдаг. Түүний нэг нь хөөмийч Д.Золзаяа юм.
Эмэгтэй хүн хөөмийлбөл дуу дуулж чадахгүй болохоос гадна хүүхэд төрүүлэх боломжгүй болдог гэсэн буруу ойлголт байдаг аж. Харин үүнийг ор үндэсгүй зүйл гэдгийг үе үеийн эмэгтэй хөөмийчид нотолж байна. 1990-ээд оны үеэс СУИС-ийн хүндэт профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн хөөмийн шавь сургалтыг эхлүүлж Г.Алимаа тэргүүтэй эмэгтэй хөөмийчдийг бэлтгэж байв. Түүний дараагаар МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимийн оюутнууд судалгааны ажлын хажуугаар хөөмийд суралцаж байлаа. Ийнхүү мэргэжлийн эмэгтэй хөөмийчдийн замнал А.Ундармаа, М.Амаржаргал гэхчлэн үргэлжилж өдгөө 20 гаруй болсны нэг нь Д.Золзаяа аж. Тэрээр 12 дугаар ангиа төгсөхдөө хэдийнээ урлагийн замыг сонгосон байсан ч хөөмийч болно гэх төсөөлөл байсангүй. Харин Б.Одсүрэн багшдаа шалгуулсны дараа түүний хөөмийч болох замнал эхэлсэн гэнэ. Үүнтэй зэрэгцэн охиных нь дуу хоолойд өөрчлөлт орчих вий гэсэн ээжийнх нь зовнил энэ мэргэжлийн талаар олон хүнээс асууж лавлахад хүргэсэн аж. Мэргэжлийн хүмүүс ээжид нь санаа зовох зүйлгүй гэдгийг хэлж түүний мэргэжлийг гэр бүлийнхэн нь зөвшөөрсөн юм. Сонирхолтой нь тэрээр дөрвөн курсийн дунд буюу хөөмийчийн ангийн 26 оюутны цор ганц эмэгтэй нь болж элссэн байдаг.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)