Г.ЭНХЖИН
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хувьсал авчирсан “Хурд” хамтлагийн түүхэн замналыг “Монголын шуудан” ХК хэвлэн гаргаж, нээлтийг ёслол төгөлдөр хийлээ.
Энэ нь 1183 дахь шуудангийн отгон марк болж, дэлхийн 92 орон руу зорчих эрхтэй болж байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгдэх энэхүү марк нь дахин хэвлэгдэхгүй болно. Хамтлагийн түүхэн замналыг харуулсан уг маркийг зураач Б.Хосбаяр урлажээ.

“Хурд” хамтлаг 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орон, эрх чөлөөг дуулан, ард түмний сэтгэлийн хөглөсөн дуу хөгжмөөрөө танигдсан юм. Тус хамтлагийн уран бүтээлийн санд 250 гаруй дуу, 120 орчим видео клип багтдаг бөгөөд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан пянз” гаргасан хамтлаг юм. Түүнчлэн долоон төрлийн шинэ цомгийн пянз, 18 CD, хоёр DVD-г үзэгч сонсогчдод хүргэсэн бөгөөд олон хит дуу нь монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшжээ. Шуудангийн маркийн нээлтийн үеэр хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд Монголын тухай дуулж яваа бидний сэтгэлийн илэрхийлэл болсон энэ марк нь Монголын урлагийг танилцуулах бахархалтай гүүр болж байгаад баяртай байна. Хурд хамтлагийн нэр шуудангаар дамжин дэлхийн өнцөг булан бүрд очих болно. Монгол Улс биднийг тунхаглаж өглөө. Зураач Б.Хосбаярт болон Монгол шуудангийн хамт олонд талархаж байна” гэж онцолсон юм.
“Бүсгүй” тоглолт, шинэ уран бүтээл үзэгчдийн гарт хүрнэ
“Хурд” хамтлаг шинэ уран бүтээл, шинэ өнгө төрхөөр “Бүсгүй” хэмээх амьд хөгжмийн тоглолтоо энэ сарын 21-нд үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байгаа билээ. Энэхүү тоглолтод “Чоно”, “Уухай” зэрэг амьд хөгжмийн хамтлагаас гадна Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа зэрэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн хит дуугаар түмэн олноо баясгах аж. Түүнчлэн “Бүсгүй” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин С.Ариунбямба тус тоглолтод уригдан оролцож, дуучин Д.Цогоотой хамт “Бүсгүй” дууг хамтдаа дуулна гэв. Мөн тус хамтлаг дөрвөн шинэ дуугаар сонсогчдынхоо сонорыг мялаах юм.
“Бүсгүй” тоглолт бол “Хурд” хамтлагийн хөгжмийн замналын нэгэн шинэ эхлэл, Монгол урлагийн үнэ цэнийг тодотгосон дуу, дүр төрхийн төгс хослол юм. Үүний хамт “Хурд” хамтлаг дэлхийн тавцанд Монгол хөгжмийг алдаршуулан, маркаар дамжуулан түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Фото: "Хурд" хамтлаг марктай боллоо
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)