Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

 

-Мэргэжлийн хүнээр тайлангаа хийлгэчих нь эрсдэлээс сэргийлж чадах  уу?

-Мэргэжлийн санхүүгийн багийн үйл ажиллагаанаас гадна санхүүгийн сахилга батын асуудал нэн чухал. Сүүлийн үед бизнес цар хүрээ ихээр тэлж бизнес үйл ажиллагаанд хувь хүн, хуулийн этгээдүүд оролцдог болсон удирдлагууд нь гол анхаарлаа бизнес үйл ажиллагаа уруугаа хандуулаад санхүүгийн бүртгэл, тайлагналтай холбоотой асуудлууд орхигдоод байдаг.

Санхүүтэй холбоотой асуудал, хөрөнгө оруулалт, санхүүгийн зарцуулалт нь  хуулийн хүрээнд хийгдэж байгаа эсэхийг анхаарч бизнесээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Санхүүгийн алба, нягтлан бодогч, санхүүгийн тайлан гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтан нь анхан шатын баримтын үнэн зөв, бодиттой байх гэдэгт анхаарлаа хандуулах чухал байдаг.

-Татварын нарийн төвөгтэй хяналт шалгалт гэдэг талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-2020 оны татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд олон улсын татвартай холбоотой зохицуулалт орж ирсэн. Үүнд:

үнэ шилжилтийн зарчим

үнэ шилжилтийн тайлагнал

үнэ шилжилтийн баримтжуулалт

Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм /GAAR гэж ярьдаг/ харилцан тохирох журам гэх мэт олон улсын хэмжээнд нийтлэг байдаг зохицуулалтууд шинэ хуульд нэмэгдэж орж ирсэн.

Бизнесийн цар хүрээний тэлэлтэй холбоотойгоор хуулийн хүрээнд зайлшгүй үндэстэн дамнасан корпорацуудын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон ба энэ үйл явцыг ерөнхийдөө нарийн төвөгтэй хяналт шалгалт гэж хэлээд байгаа.

Томоохон хөрөнгө оруулагч том компаниуд нь гадаадад толгой компанитай, Монгол Улсад охин компани нь байдаг эсхүл Монгол Улсад толгой компанитай гадаадад охин компаниуд нь  байдаг.

Эдгээр компанийн хооронд хийгдэж байгаа ажил гүйлгээнүүд нь бодит үнийн зарчимд нийцэж байна уу, ямар нэгэн татварын схем зохиосон байна уу, давхар татварын гэрээг урвуулан ашигласан байна уу гэдэгт хэрэгжүүлдэг татварын  хяналт шалгалтыг нарийн төвөгтэй хяналт шалгалт гэж хэлээд байгаа юм.

Монгол Улс нь Татварын суурийг бууруулж, ашиг шилжүүлэхийн эсрэг /BEPS/ ЭЗХАХБ/ Их 20-ын санаачилгад 2018 онд, хууль эрх зүйн орчноо шинэчлэх, нарийн төвөгтэй татварын төлөвлөлт, татварын схем зохион татвараас зугтах явдалтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, татварын зорилгоор мэдээлэл солилцож, ил тод байдлыг хангах олон улсын стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж Глобал форум /Global Forum/-д 2018 онд нэгдэн орсон. 

“Татварын ил тод байдал, харилцан мэдээлэл солилцох Глобал форум”-д нэгдэж татварын зорилгоор санхүүгийн дансны мэдээллийг гадаад улстай автоматаар харилцан солилцох улс болсон учраас бид нар мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг сайн авах боломжтой нөхцөл бүрдчихсэн.

Үүний зэрэгцээ 2019 оноос Засгийн газар хоорондын форум /IGF/, ЭЗХАХБ /OECD/, Хил хязгааргүй татварын байцаагч /TIWB/ хөтөлбөрийн хүрээнд олборлох салбарт татварын суурийг бууруулж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж татвараас зайлсхийх үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, татварын суурийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын зөвлөхүүдтэй хамтарч, зөвлөхүүдийн зөвлөмжийн дагуу  нарийн төвөгтэй  хяналт шалгалтын ажлыг хийж хэрэгжүүлээд таван жил болж байна.

Татварын улсын байцаагчдыг мэргэшүүлэх үүднээс ЭЗХАХБ-аас долоо хоног бүр олон улсын татвартай хамаарах сургалтуудыг онлайнаар зохион байгуулан байцаагч бүр сургалтад заавал хамрагдах байдлаар сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

-Татварын байцаагчдын харилцаа хандлагын талаар асуудлууд байдаг. Тухайлбал, асуусан зүйлд тодорхой хариулт өгөхгүй байна гэх мэт гомдлууд. Үүнд хэр анхаарч ажилладаг вэ?

-Татвар төлөгчдийн дунд хяналт шалгалтын байцаагч гэхээр хандах хандлага өөр байх гээд байдаг. Тэр нь нэг талаас шалгаж, нөгөөх нь шалгуулж байгаа хоёр талын шууд харилцаа үүсэж байдаг. Татварын албанаас татварын улсын байцаагчдыг чадавхжуулах, харилцаа хандлагад нэлээдгүй анхаарч сургалт, зөвлөгөө зохион байгуулан ажилладаг.

2025 оныг зөвлөн туслагч татварын алба болгон зарласан. Үүнтэй холбогдуулаад хяналт шалгалтын байцаагчдын ажлын чанарын баталгаажуулалт чанарын хяналтыг хийдэг боллоо.

Албан хаагчийн ажлын үнэлгээнд хүний оролцоо орохгүйгээр  программчлалын аргаар чанарын баталгаажуулалтыг хийнэ.

Ажлын үнэлгээний шалгуур үзүүлэлтээс дурдвал татварын хяналт шалгалтыг үнэн зөв хийсэн байх ёстой, процессын алдаагүй байх ёстой, аливаа зүйлд татвар төлөгчийг хохироохгүй байх, улсыг хохироохгүй байх гэх мэтээр үнэлэн бүх зүйлийн үнэн зөв баримталж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх программчлалын тал дээр нь анхаарч ажиллаж байгаа.

-Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг өгнө үү?

-Монголын татварын алба 2025 оныг  зөвлөн туслагч татварын болгон зарлаж үйл ажиллагааны үе шат, чиг үүрэг бүр дээр зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Татвар төлөгч иргэн болон хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлагнах, ногдуулах, төлөх татварын үйл ажиллагааны шат бүрд зөвлөн туслах үйлчилгээг татварын алба бүрд үзүүлж байхаар төлөвлөөд ажиллаж байгаа.

Монголын татварын 32 алба бүр дээр татварын хяналт шалгалтын нэгжтэй.

Тухайн татварын албаны бааз суурийг бизнесийн салбарын ангилал, үйл ажиллагааны цар хүрээ, бүс нутаг, татварын төрөл, тайлагнал, төлөлт, зөрчлийн сан бүрээр татвар төлөгчдийг ангилан судалгааг хийж нийтлэг гаргадаг зөрчлийн санд тулгуурлан зөвлөн туслах үүднээс сургалт, зөвлөгөөнийг цахим болон танхимаар зохион байгуулж, нийтлэг гардаг зөрчлийн хуулийн заалт бүрээр татварын боловсрол олгох зорилгоор рийл, контентыг бэлтгэн Монголын татварын албаны  албан ёсны вэб сайт, пэйж хуудсаар түгээн хүргэж байна.

-Үнэ шилжилт гэдэг нь юу гэсэн агуулгатай юм бэ?

-Харилцан хамааралтай этгээдүүд хоорондоо ажил гүйлгээ хийх үйл явц юм. Тухайлбал, охин компани нь толгой компаниасаа зээл авах эсхүл толгой компаниасаа ямар нэгэн үйлчилгээ авах тохиолдолд тэр харилцан хамааралтай хийгдсэн ажил гүйлгээнүүд нь бодит байна уу, зах зээлийн үнэд нийцэж байна уу, зах зээлийн үнээс хэт хямд, хэт өндөр үнэ ашигласан байна уу гэдгийг шалгадаг гэж ойлгож болно.

Шалгалтын явцад үнэ шилжилтийн тайланд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил, үйлчилгээг  үнэн зөвөөр тайлагнаагүй, үнэ шилжилтийн тайлангаа хуулийн хугацаанд нь  илгээгүй зэрэг зөрчлүүд нэлээн гарч байгаа учраас олон улсын татвар уруу чиглэсэн зөвлөн туслах ажиллагааг түлхүү хийж эхлүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)