Ц.МЯГМАРБАЯР

 

“Уламжлалыг өдөр бүр” уриатай  “Baatar” брэндийг Монгол Улсад төдийгүй  дэлхийд таниулах нөр их ажлыг хийж буй уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмч, “Одьтан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ширчинмааг энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа урьж ярилцав.

 

-“Baatar” брэнд монголчуудын хэрэглээ болоод зогсохгүй дэлхийн зах зээлд эрэлттэй болсон. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай орны хөрсөнд ургасан эмийн ургамал нь органик, байгалийн гаралтай гэдгээрээ олон улсын зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжил нэн эртнээс улбаатай, арвин түүхтэй бөгөөд ашиг тусыг нь тоочоод баршгүй. Байгаль дэлхийд нээж илрүүлээгүй маш олон гайхамшиг байгаа нь өвс ургамлын анагаах, эдгээх шидтэй байгаад л учир нь оршиж байна.

Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамал экологийн хувьд цэвэр, шим тэжээлийн агууламжаараа өвөрмөц онцлогтой бөгөөд эрүүл мэндийн салбарт үнэ цэнтэй баялаг болдог. Энэ ч үүднээс Японы ард түмэн манайхаас үйлвэрлэн гаргадаг долоон төрлийн цайг сонирхож, хэрэглэж эхэлсэн. Саяхан бид долоон цайгаа Японы албан ёсны эрхтэй лаборторид шинжлүүлж  баталгаажуулаад байна. Ингэснээр Японы зах зээлд борлуулах эрхээ авч худалдаалж эхэлсэн гэсэн үг. Бид энэ жилээс “Уламжлалыг өдөр бүр” гэсэн уриаг дэвшүүлээд ажиллаж байна.

Олон зууны туршид уламжлалт анагаах ухааны чухал хэсэг болж ирсэн. Ургамлын үндэс, иш, навч, үрийг хандалж, бэлтгэсэн тан, эм, цайнууд нь хүний биеийн тэнцвэрийг хадгалах, өвчнийг эдгээхэд хэрэглэгддэг. Мөн манай орны хөрсөнд ургасан эмийн ургамал органик -400С- + 400С хооронд амьдрах чадвартай тул түүнд агуулагдах биологийн идэвхт бодис нь өндөр гэдгээрээ олон улсын зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг. Нийт 3000 гаруй ургамлын 800 орчим нь эмчилгээний зориулалтаар ашиглагддаг гэх судалгаа бий. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж байгаа нь манай улсын уламжлалт анагаах ухааны эм, тан олон улсын зах зээлд гарахад нэн таатай нөхцөлийг бүрдүүлж буй.

2013 онд Өмнөд Солонгосын Саньчонь хотод болсон Дэлхийн уламжлалт анагаах ухааны олон улсын хурал, экспод оролцсон. Хурлын үеэр олон улсын уламжлалт анагаах ухааны салбарынхан Монголын “Дэвтээлгэ эмчилгээ”-г сайшааж ихэд сонирхож байсан. Учир нь манай улсын цаг агаар эрс тэс, хүйтэн бөгөөд нийт өвчний зонхилох хувь нь хүйтнээс улбаатай байдаг. Иймд Монголын уламжлалт анагаах ухаан халуун бүлээн эмчилгээг түлхүү хийдэг бөгөөд бүлээн чанартай ургамлууд болон төөнүүрийн эмчилгээ зонхилдог аж. Түүнчлэн  Монголыг “Хоржи мэза” (Монгол төөнө) бүлээн засал эмчилгээгээр алдартай гэдгийг эртний Хятадын анагаах ухааны “Хуанди Нэйжин” (Шар эзэн дотоод судар)-д тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн Монголын халгай байгалийн цэвэр, шимт чанараараа бусад улсад ургасан халгайнаас илүү давуу чанартай бөгөөд байгалийн ус чийгээр тэжээгддэг тул хүнд металл болон химийн бордооны бохирдол бага юм билээ. Сүүлийн үед бид хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар, таатай, инновацлаг бүтээгдэхүүнийг санал болгож буй. Одоогоор Dr.Baatar-аас гадна “Ургана”, “Сарлаг” брэндийг хөгжүүлж байна. Ургамал, эрдэс бодис зэрэг байгалийн гаралтай орц, найрлагатай тул хүний биед сөрөг нөлөө бага, биеийн эрчим хүчний урсгал, дотоод тэнцвэрийг сайжруулахад нэн тустай. Түүнчлэн орчин үеийн эм нь өвчний шинж тэмдгийг дарах хандлагатай байдаг бол уламжлалт эм тан өвчний үндсэн шалтгааныг арилгах, бие, сэтгэл, оюун ухааныг цогцоор эмчлэх зарчимд тулгуурладаг онцлогтой.

-Эмийн ургамлаа өөрсдөө тариалдаг гэсэн үү?

-Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт  50 га газарт эмийн ховор төрлийн 28 төрлийн ургамлыг тарьж байна. Халгай, хужир, жонш, сургар, ямаан арц зэрэг байгалийн зэрлэг ургамлын орцтой улавчийг хэрэглэгчдэд санал болгож буй. Эдгээр талбайгаас гадна Монгол орны өнцөг булан бүрээс жилд нэг удаа ховор эмийн бэлдцээ цуглуулдаг. Цуглуулж тариалсан ургамлаа өөрийн үйлдвэртээ боловсруулж үйлдвэрлэл гаргаж байна. Мөн  шингэн бэлдмэлийн үйлдвэр шинээр ашиглалтанд оруулаад байна.

-Танайхаас гаргасан эмийн ургамалтай улавчийг хүмүүс нэлээн таашааж хүлээн авсан байдаг. Ялангуяа одоо зуны улиралд хөл их хөлөрч, хөөдөг. Тэгвэл танай улавч сэрүү татуулаад таатай байдаг?

-Хүний урт удаан амьдрал, эрүүл байхын үндэс нь хөлтэй нэн холбоотой. Хөлд нийтдээ 200 гаруй биологийн идэвхтэй цэг болон дотор эрхтнүүдтэй холбоотой судас байдаг. Зарим хүн дөрвөн улирлын турш пүүзтэй явдаг. Мөн хөл агаараа сэлгэж, чийгшилт багатай байгаа эсэхэд огт анхаардаггүй. Хүйтэнд даарч, өнөөх судаснууд агшсанаар цусан хангамж багасдаг.Энэ нь ихэнх өвчний суурь болдог. Харин манай энэ улавч хөлийг амрааж тайвшруулах, хөлийн улан дахь хялгасан судаснуудыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах эмчилгээний шинж чанартай бүтээгдэхүүн юм. Ялангуяа олон цаг зогсоогоор ажилладаг хүмүүст нэн тохиромжтой. Түүнчлэн байнга даарч хөрдөг хүмүүсийн хөлийг дулаацуулах, чийг, эвгүй үнэрийг багасгах, нойргүйдлийг арилгах, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Зуны улиралд мөн тааламжтай. Хөл хөлөргөхгүй. Хуурай байлгана.

- Зарим эмийн бүтээгдэхүүндээ орчин үеийн хэрэглэгч, хүүхдүүдэд зориулж шинэчилсэн гэж байсан?

- “Baatar”-аас санал болгож буй бүх бүтээгдэхүүн уламжлалт анагаах ухааны суурь мэдлэгийг орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцэхүйц байдлаар шингээдэг.  Жишээлбэл, бид хоолой өвдөх үед царвангаар амаа зайлдаг. Нян нядалдаг энэ төрлийн ургамал гашуун байдаг учраас зарим хүүхэд хоолойгоо зайлах үеэрээ огьж, ханиалгадаг. Тэгвэл бид хими, химийн технологийн болон уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнтэй хамтран царвантай хоолойн шүршлэг  бүтээсэн.  Царван ургамал нь амьсгалын дээд замын өвчний үед үрэвсэл дарах, цэр ховхлох, хоолойны ангина намдаах зэрэгт ашиглагддаг. 

-Сүүлийн үед хүмүүс таргалалттай болоод байна. Танай компани тураах үрэл гаргаж авсан гэж байсан. Энэ хэр үр дүнтэй байна вэ?

-Уламжлалтын анагаах ухаанд таргалалтыг “бадган” буюу хүйтэн суурьтай өвчин гэж үздэг юм байна. “Анагаах ухааны дөрвөн үндэс ном”-д “бадган” өвчнийг “Мариа шууруулах тан”-аар анагаана гэж тэмдэглэсэн. Тэгвэл Dr.Baatar брэндийнхэн энэхүү тангийн амтыг сайжруулах зарим ургамлыг нэмж, найман найрлагатай тураах үрлийг гаргаж авсан. Энэ тураах үрэл дотор өөх хайлуулах,биеийг хоргүйжүүлэх зэрэг эрүүлээр турах бүрэн чанарыг бүрдүүлсэн. Харин таргалалтын талаар “Манайхан би тарган юм чинь хоол идэхээ болиод ус ууя гэдэг. Гэтэл ус харахад шингэн ч хүйтэн мөн чанартай. Иймд бүлээн чанартай зүйл хэрэглэх ёстой буюу усны 2/3-ийг ширгээж уувал зохистой. Ер нь уламжлалтын анагаах ухааны эм, эмчилгээг шинжлэх ухааны түвшинд судлаад, хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг нотолчихсон. Бидний сайн мэдэх “Мана-4” тан эмбриологийн судалгаа буюу жирэмсэн ээж хэрэглэхэд урагт ямар нэг гажиг үүсгэж байна уу гэдгийг судлахад ямар ч сөрөг үр дүн гараагүй. Хоруу чанар багатайгаас гадна өвчний урхгийг үндсээр нь устгадаг.

-Шинээр ямар бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Таны компанийн алсаа хараа, зорилго?

- Манай компани “Уламжлалыг өдөр бүр”гэсэн  уриатай уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний чанарыг сайжруулж монгол хүний эрүүл мэндэд тустай үндэсний үйлдвэрлэгч болох зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт бүтээгдэхүүнээ өдөр бүрийн хэрэглээ болгохыг зорьж байна. Өнөөдөр гадаадын олон янзын найрлагатай төрөл бүрийн мэдэх, мэдэхгүй нэмэлт бүтээгдэхүүнийг сайн гэсэн рекламны үгээр сонголт хийлгүйгээр Монгол орныхоо хөрсөнд ургасан органик бүтээгдэхүүнийг хэрэглээсэй гэж ард түмнээсээ хүсэж байгаа юм. Манай компани шинээр элэг хамгаалах бэлдмэл, уушги цэвэрлэх бэлдмэл гэсэн хоёр төрлийн шингэн бүтээгдэхүүн гаргаж байна. Элэг хамгаалах бэлдмэл нь  элгээ хамгаалах зорилгоор бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой. Элэгний эсийг нөхөн төлжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ. Бодисын солилцоог эрчимжүүлж агаарын, хүнсний, хөрсний, хоолны гэх мэт хорыг хоргүйжүүлнэ. Архи согтууруулах ундаа хэрэглэх үед элгийг хамгаална. Мөн элэгний өөхжилтийг багасгах  архины бус шалтгаант элэгний үрэвсэл намжаах,элэгний хурц болон архаг үрэвслээс урьдчилан сэргийлэх,элэгний вирусийн гаралтай үрэвслийг дарах зэргээр эмнээс/сүрьеэгийн эм/үүдэлтэй элэгний үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Уушги дэмжих бэлдмэлийг өдөр тутамдаа бүх насныхан уушгиа цэвэрлэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой. Уушгиа цэвэрлэх, тамиржуулах зорилгоор хэрэглэж болно. Мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг бол уушгиа хамгаалах зорилгоор хэрэглэх, уушгины хатгаа болон ханиад томуунаас урьдчилан сэргийлэх архаг бронхит үеийн ханиалга намдааж цэр ховхлох, амьсгал уужруулах, уушги тамиржуулах, мөгөөрсөн хоолой цэвэрлэх, агаарын бохирдлоос үүссэн амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй. Иймд манай бүтээгдэхүүнийг сонгон авч уушгиа цэвэрлэж, элгээ дэмжих өдөр тутмын хэрэглээ болгоорой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)