Х.МОНГОЛХАТАН

 

Хужирт сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар “Малчдын зөвлөгөөн-2025” арга хэмжээг 2025 оны зургаадугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд тус сумын 450 гаруй малчин оролцож Соёлын төвийг дүүргэсэн байв.

 

Зөвлөгөөнөөр малчид гурван санаачилгад нэгдэв

Монгол дээлээр гоёсон малчид зөвлөгөөндөө идэвхтэй оролцож, өөрсдийн асуудал бэрхшээлээ ярьж, гарц гаргалгаа, арга замыг хамтдаа эрэлхийлэв. Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газар, ХХААГ-ын холбогдох албан хаагчид, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцож төр засгаас баримталж буй бодлого шийдвэрийн талаар малчдад танилцуулсан юм.

Мөн Монгол “ВИ.И.ТИ.НЕТ” ТББ-ын малын их эмч Э.Наранхүүг урьж оролцуулан малчдад хурдан моринд тохиолддог бэртэл, гэмтэл, малын эм бэлдмэлийн зохистой хэрэглээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэсэн нь залуу малчдад сонирхолтой байлаа.

Улсын аварга малчдын сайн туршлага, суманд үйл ажиллагаагаараа тэргүүлж байгаа “Урт хөндлөн ивээл хоршоо”, жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн төлөөлөл, мал аж ахуйгаас гадна гадаадын жуулчин авдаг малчдын сонирхолтой яриа оролцогчдод өгөөжтэй байв.

Мөн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байсан нь цаг алдалгүй мэдээлэл авах боломжоор хангасан юм.

Зөвлөгөөнөөр малчид дараах санал, санаачилгуудыг гаргалаа. Үүнд,

Нэгдүгээрт, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхааарч холбогдох хүмүүст уламжлах

Хоёрдугаарт, малчид руу чиглэсэн уулзалт зөвлөгөөнийг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх

Гуравдугаарт, хог хаягдлын менементийг сайжруулж хогоо ангилан ялгаж хэвших гэсэн саналууд тусгалаа.

Мөн малчдын дунд азын сугалаа явуулж цахилгаан мотор, помп, эко хүнсний сав, амралт сувилалд амрах эрхийн бичиг гэх мэт таван сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг сугалуулсан. Малчдад зориулсан урлагийн шоу тоглолтыг зохион байгуулж МУСТА дуучин Г.Машбат, МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нар болон сумын соёлын төвийн уран бүтээлчид оролцсон юм.

 

Монгол Улсын аварга С.Мөнхбат “Сайн  аав” лекц уншлаа

Зөвлөгөөний хүндэт зочноор “Бор Аварга” сангийн тэргүүн, үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат оролцож “Сайн аав” лекц уншсан юм. Тэрээр улс оронд гэр бүл чухал, гэр бүлд сайн аав байхын чухлыг ярьж, эр хүний мөн чанарыг ойлгуулан таниулах, мөрөөдөл зорилготой болох, архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзахыг уриалсан түүний яриаг малчид халуун дотно хүлээн авч байлаа. Мөн ээжүүд эмэгтэйчүүд ч хань ижилдээ түшигтэй, үр хүүхдэдээ энэрэлтэй сайн ээж байхын утга учрыг ойлгуулсан түүний лекцийг заал дүүрэн малчид чих тавин сонсож, ухаарч ойлгож байгаагаа хуваалцсан юм.

Аварга “Бор аварга сан”-гаа 2019 онд санаачлан байгуулсан бөгөөд залуучууд, гэр бүл, нийгмийн соён гэгээрлийн чиглэлээр хүүхэд багачуудад “Монгол мөрөөдөл”, эрчүүд, аавуудад “Сайн аав”, өв соёл, уламжлалаа таниулан мэдүүлэх “Өв түгээ” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймаг сумдаар явж лекц уншиж, санал бодлыг нь сонсож байгаа юм.

 

О.Цэцэгбал малчдад зориулан “эрүүл аж төрөх үндэс” илтгэл тавилаа

Дараагийн зочин илтгэгчээр Хужирт сумаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Боловсролын сайдын эрүүл мэндийн зөвлөх О.Цэцэгбал “Эрүүл аж төрөх үндэс” илтгэл тавьсан юм.

Монголчууд бид өнөөгийн амьдрал, үр хүүхдээ сайн сайхан өсгөхөд анхаардаг хэрнээ өөрсдийн эрүүл мэндээ хойш тавьж байна. Тиймээс эрүүл агаарт, хөдөлгөөнтэй амьдарч буй малчид яагаад хорт хавдраар өвдөж, богино наслаад байна вэ гэдгийг бага ч болов ойлгуулахаар илтгэл бэлдсэн байв.

Эрүүл агаарт, малаа хариулж яваа малчид маань зөв зохистой хооллож, ус зөв сайн ууж, эрүүл амьдралын хэв маягт суралцаж чадвал эрүүл мэндээ хамгаалж, урт наслах боломжтой юм. Урт наслах ч учиртай. Өвчтэй зовлонтойгоор өдөр хоногийг өнгөрүүлэх хүсэх зүйл биш. Тиймээс өгөгдсөн насаа эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах нь чухал. Бид үр хүүхдээ хайрладаг шигээ өөрийн биеийг хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг малчдадаа зөвлөж, 80 наслахыг ерөөлөө.

С.Мөнхбат аварга, О.Цэцэгбал нар Хужирт болон Хар хорин сумдын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд “Монгол мөрөөдөл” сэдэвт “Бор аварга” сангийн нэрэмжит эссэ бичлэг болон гар зургийн уралдаан зарлаж шалгарсан сурагчдад шагнал гардуулан, “Монгол мөрөөдөл”, Эрүүл зөв хооллолт, өсвөр насныхны бэлгийн боловсролын талаар илтгэл тавьж санал бодлоо солилцож, ярилцсан юм.

 


Speak-out


 

Ж.Цэрэндорж Мал маллах залуу хүмүүс багасаж, малч ухаан ховордож байна

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчдын зөвлөгөөн болж, мал аж ахуйн тулгамдаж буй асуудал, шийдлийн тухай илтгэл, лекц сонсож, санал бодлоо солилцлоо. Улсын аварга С.Мөнхбат ирлээ. Малчид бидэнд бодууштай, сайхан зөвлөгөөн боллоо. Сумандаа 30 гуруй жил мал маллаж, 2023 онд Улсын сайн малчин болсон. Байгаль цаг уурын бэрхшээл, зудыг давж сум, орон нутгийнхан минь малаа сайхан өсгөж байна. Энэ жил бороо хур тэгширсэн сайхан зуны сар гарч байна. Тэнгэр бурхан ивээвэл бидний мал сүрэг өсөж, сум орон нутаг минь цэцэглэх байх.

Энэ зөвлөгөөнөөр малчид нэг дор цуглаж, хүртээмжтэй сайхан болж байна. Тулгамдсан асуудлыг сум орон нутгаас цаг тухайд нь шийдэж явдаг. Эмэгтэйчүүд нь сургуулийн хүүхдээ дагаж, эрчүүд нь ар гэрээ харж үлддэг нь монгол малчдын тулгамдсан асуудал болсон. Мал маллах залуу хүмүүс багасаж, малч ухаан ховордож байна.

 

Б.Гомбосүрэн: Бэлчээрийн даац хэтрэлт малчдад тулгамдаж буй гол асуудлын нэг

- Би Хужирт сумынхаа уугуул.  Нутагтаа мал маллаад арваад жил болж байна.  Мөн буян номын үйлд шамдаж, хүрээ гандандаа шавилан суудаг.

Орон нутагт маань малчдын зөвлөгөөн зохион байгуулж байгаад баяртай байна. Зөвлөгөөний хүрээнд олон чухал асуудлыг хөндсөн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Бэлчээрийн даац хэтрэлт малчдад тулгамдаж буй гол асуудлын нэг  болоод байна. Сүүлийн үед малчид өөрсдөө газар тариалангаа эрхэлж байгаа нь бас олзуурхууштай байгаа.

 

С.Батцэцэг: Ажил хөдөлмөрөө амар тайван хийе гэвэл хөдөө нутгийг зориорой

Би Бэрх гуравдугаар багийн малчин. Хөдөө аж ахуйн инженер механик мэргэжилтэй ч хүүхдүүдээ эрүүл агаарт өсгөх тухай нөхөртэйгөө ярилцаад хөдөө морио уяад хөдөө амьдарч байна даа. Малчин хүмүүс хэрэгцээгээ хангачих юм бол байнгын мөнгөний зарлага гаргаад байдаггүй. Сүү цагаан идээгээ зараад өөрсдийнхөө хүчээр сайхан амьдрах боломжтой. Хүн бүр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах шаардлагатай. Бид улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, үр хүүхдүүдээ амар тайван стрессгүй газар өөрсдийн бүхий л цаг заваа зориулан өсгөж байна. Ажил хөдөлмөрөө амар тайван хийе гэвэл хөдөө нутгийг зориорой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)